Тусалж чаддаггүй юм гэхэд гай болохгүй бол сайнсан

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнгөрсөн долоо хоногт "Да Хүрээ" зах орчмын бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонссон. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-"Да Хүрээ" захыг нүүлгэх асуудлыг зогсоохыг шаардаж Та сүүлийн үед нэлээд тэмцлээ. Нааштай үр дүн гарах янз байна уу?
-Техникийн захуудыг нүүлгэх асуудал дээр хотын удирдлага болон тэнд бизнес эрхэлж буй иргэдийн хооронд үл ойлголцол үүссэн гэдгийг би өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байсан. Гэхдээ энэ асуудал зүгээр үл ойлголцол төдий биш, бүр хурцдах тал руугаа ханджээ гэдгийг энэ сарын 23-ны өдөр "Да Хүрээ" орчмын техникийн захуудын бизнес эрхлэгчидтэй уулзахдаа сайн мэдэрсэн юм. Уулзалт маш ширүүн уур амьсгалд болсон. Тэнд ямар нэгэн намчирхсан, улстөржсөн асуудал байгаагүй. Уулзалтын дараа шууд хотын удирдлагуудтай уулзах санал тавьсан. Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хариу өгөөгүй харин нийслэлийн ИХТ-ын дарга Д.Баттулга маргааш нь надтай уулзсан. "Да Хүрээ" зах дээр болсон уулзалтын уур амьсгалыг нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй бид хоёр танилцуулсан. Байдлыг Д.Баттулга дарга ойлгоод байгаа юм байна гэж надад санагдсан. Би бол муугүй сэтгэгдэлтэй тэндээс гарсан.
-Яг ямар асуудлуудыг хөндөж юун дээр ойлголцсон бэ?
-Бүгдийг хоморголж албадан нүүлгэхгүй гэсэн. Ялангуяа битүү зах барьж байгаа бол бүр ярих юм байхгүй. Үүнийг амлая гэсэн. Харин ил задгай газарт машин зарж байгаа бол хотоос гаргана гэсэн. Үүнийх нь хариуд би, баруун талын шинэ зах дээр ч бас л задгай талбай дээр машин зарах учир ялгаагүй юм байна шүү дээ, иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод эдийн засаг хүнд байгаа энэ үед бизнес эрхлэгчдийг оролдоод хэрэггүй шүү дээ. Тэдэнд тусалж чаддаггүй юмаа гэхэд гай болохгүй бол сайнсан гэж хэлсэн. Тэгэхэд ярилцъя, тэр хүмүүстэй бид уулзана гэсэн.
-Д.Баттулга дарга өчигдөр “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагадаа “Ө.Энхтүвшин гишүүн "Өгөөмөр" захыг яриад байсан” гэж гарсан байна лээ. Тэр хэр үндэслэлтэй вэ?
-Би "Өгөөмөр" захын тухай огт яриагүй, ярих шаардлага ч байхгүй. "Өгөөмөр" захынхан өөрсдөө хотынхонтой учраа ололцоод ирсэн гэж ойлгодог. Ер нь Шар хадны захын орчныхонтой уулзчихаад хаа хамаагүй өөр газарт байгаа Өгөөмөрийн тухай юу гэж ярихав дээ. Д.Баттулга дарга ямар зорилготой ингэж мушгисан юм бол доо. Уг нь би түүнийг гайгүй нуруутай хүн гэж үнэлдэг байсан юмсан. Гэтэл гүтгэлгээс нь харахад бас л эргээд харангуут ар нуруу руу хутгалдаг барьцгүй нөхөр бололтой. Тэнд юу яригдсаныг Ц.Сандуй дарга нэгд нэгэнгүй сайн мэднэ. Түүнээс тодруулж болно шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ