Сонгуулиар л цахилгаантай болно

Сонгинохайрхан дүүргийн XXIV хороо, Баруун салааны нутаг дэвсгэр Хустай орчмын айлууд холоос утас татаж цахилгаанд залгасан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дээрхи асуудлаар нэхэн сурвалжиллаа. Машин замыг, айлын хашааг, жалга, судгийг ч хөндлөн татсан, салаалсан урт утаснууд газар гэсч чийг өгч буй энэ үед цахилгаан гүйдэлд цохиулж мэдэхээр болжээ. Томчуудаас илүү тоглож наадах багачуулд аюултай орчин энд үүссэн байна.
Энэ асуудлаар тус хорооны хэсгийн ахлагч н.Удвалаас тодруулахад “Хустайн орчимд 350-400 орчим айл гэрэл цахилгаангүй байгаа. Тиймээс багадаа 50-500 метр холоос утас татаж айлаас цахилгаанаа авч байна. Энэ асуудлаар нийслэлд хандахаар эхлээд зуслангийн газар өмчлүүлнэ. Үүний дараа энэ хавийн дэд бүтцийн асуудлыг шийднэ гээд байна” хэмээв. Тэрбээр иргэдийн амьдрал хүндхэн байгааг, энэ жил сонгууль болох учраас тог цахилгааны асуудал шийдэж өгөх болов уу гэж хүлээж суугаа талаар хэлж байлаа.
Цахилгааны утас нь дундаа тасарсныг залгаж суугаа иргэн Б.Цэрэндорж “Нийслэлээс бууж болно гэсэн зөвшөөрөлтэй газар хашаа хатгаж, гэрээ барьсан. Зарим нь ч үерийн аман дээр, зөвшөөрөлгүй буучихсан байна. Гэвч зөвшөөрч буулгасан айлуудаа Нийслэлийн удирдлагууд бодмоор юм. Манайх энд зургаан жил амьдрахад нийслэлээс нэг ч хүн ирж дэд бүтэц хөгжүүлэх талаар юм яриагүй. Хавар, намартаа л хорооноос хүмүүс ирж судалгаа аваад явж байна, дээш нь уламжилна гээд л явдаг. Саяхан нэг ирээд явсан. Сонгуулиар тогтой болох байхаа гээд явж байсан” хэмээв.
“Зөвшөөрөлтэй юм чинь тог цахилгааны асуудал удахгүй шийдэгдэнэ гээд буучихсан чинь бүтэхгүй нь ээ. Зараад нүүе гэхээр хол. Дээр нь цахилгаангүй гээд хүн авахгүй яаж ч болохгүй байдалд хүрээд байна” хэмээн иргэн Б.Цэрэндорж учирласан юм. Түүнтэй уулзсаны дараа тус дүүргийн цахилгаан түгээх сүлжээ төвийг зорилоо.
6000 айл цахилгаангүй байна
/Техник үйлчилгээний хэсгийн ахлагч Б.Нямдаваа/
-Баруунсалаа орчимд үүсээд байгаа нөхцөл байдлыг мэдэж байгаа болов уу?
-Нэн түрүүнд газар олголт явагддаг. Газар олголт явагдаад суурьшлын бүс үүссэний дараагаар дэд бүтцийн асуудлыг шийднэ. Энэ нь ганцхан эрчим хүчний цахилгаан хангамж, шугам сүлжээ биш. Худаг, бохир дулааны шугам сүлжээ хүртэл ордог юм. Энэ бүх асуудлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар юм уу, Нийслэлийн хөрөнгөөр шийдэх учиртай. Тэгэхээр манай компани бол шинээр шугам сүлжээ болон гэрэл цахилгаангүй айл өрхийг гэрэлтүүлэх ажлыг хийдэггүй. Бид зөвхөн Улсын төсвөөр барьж байгуулсан шугам тоноглолын ашиглалт, үйлчилгээг хариуцаж ажилладаг. Дэд бүтцийн асуудлыг нийслэл л шийднэ.
-Энэ асуудлыг нийслэл рүү уламжилсан уу?
-Манайх дүүргийнхээ гэрэл, цахилгаангүй айл өрхийн судалгааг жил бүрийн хавар, намарт гаргаж нийслэл рүү хүргүүлдэг. Баруунсалааны бүсжилтэд байгаа эдгээр айлын мэдээллийг жил бүр л явуулж байна. Явуулсан мэдээллээс суурьшлын бүсийг харж байгаад нийслэл сонгон шалгаруулалт явуулдаг юм билээ. Үүний дараа зургаа хийж хөрөнгө оруулалт нь батлагдвал дэд бүтцийг нь шийддэг юм.
-Газраар утас татаж цахилгаанд залгасан айлуудад шаардлага хүргүүлдэг үү?
-Манайхаас сар бүр зохион байгуулалттай ажлын хэсэг байгуулж очиж тасална. Тасалчихаад явангуут эргээд л залгаад авчихдаг юм билээ. Ингээд нэг нь залгаад, нөгөө нь таслаад дуусашгүй юм л үргэлжлээд байна. Үүний гарц нь ерөөсөө л тэнд шугам тоноглол бариад, дэд бүтэц нь хөгжчих юм бол ийм утгагүй үйлдэл хийх шаардлага хэн хэнд нь байхгүй болно. XXIV хороо, Баруунсалааны автобусны буудал буюу хуучин эцсээс хойш замын баруун зүүн талд байгаа айлууд гэрэл цахилгаангүй байгаа. Тийшээ шугам тоноглол байхгүй. Цахилгааны шугамын эцсийн цэг нь автобусны буудлаас 30 метр орчимд хоёр тулгуур байдаг. Хоёр тулгуур дээр стандартаар бол нэг л шийд байх ёстой. Тэнд оршин суудаг газрын бичигтэй өрхүүд хүсэлт гаргасны дагуу нэг тулгуур дээр гурав гурван шийт тавьчихаад байгаа. Тэгэхээр нэг шийтнээс 18 айлыг цахилгаанд залгаж байна гэсэн үг. Харин үлдсэн айлууд нь нэг нэгнээсээ дамжуулаад урт урт утас татаад цахилгаанд залгачихдаг. Ер нь бол булчихдаг юм. Зарим нь үерийн амаар дамжуулаад аль болох хүний хөл хүрэхгүй газраар утсаа явуулчихдаг. Энэ нь эргээд харин ч аюултай нөхцөл байдал үүсгээд байгаа юм.
-Тэр хавьд цахилгааны шугам татах боломжтой юу?
-Баруунсалааны Хустай орчимд газрын зөвшөөрөл өгдөггүй байсан. Хэдэн жилийн өмнөөс зөвшөөрөлтэй болсон байна. Тэгсэн ч дэд бүтэц нь шийдэгдээгүй байгаа. Нийслэлээс газар олгохдоо эхлээд хашаагаа барь, дараа нь газар олгоно гэдэг. Газраа олгоод бүх газрын бичиг нь гарсны дараа дэд бүтэц нь шийдэгддэг юм. Баруунсалааны уулын орчим дахь ам нь их намагтай. Тийм газар л газрын бичиг өгчихсөн, айлууд буучихсан, амьдарч байна. Тэнд шугам тоноглол хийнэ гэдэг бол үнэхээр хүндрэлтэй.
-Дүүргийн хэмжээнд нийт хичнээн айл гэрэл цахилгаангүй байна вэ?
-СХД-ийн нутаг дэвсгэрт нийт 6 мянга орчим гэрэл, цахилгаагүй айл байдаг. XXIV, XXII, XXV хороо, Тахилтын ам орчим, Баруунтүрүүн орчим, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны Сансарын гудамж орчимд цахилгаангүй болон хулгайгаар тог татсан айлууд байна.
Тэрбээр нийслэлийн тэлэлт Баянзүрх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт л төвлөрч байна. БЗД-ийн тэлэлт орон сууц болон амины сууцаар тэлж байгаа бол СХД гэр хорооллоор тэлж байдаг. Уулын орой дээр буусан айл хүртэл байгаа учраас тэр бүрт тог цахилгаан хүргэнэ гэдэг асуудалтай байгааг хэлж байлаа. Тэндээс нийслэлийн “Хангарьд”ордныг зорилоо. Тус ордны зургаадугаар давхарт байрлах Нийслэлийн захирагчын ажлын албаны инженертэй уулзаж дараах тодруулгыг авсан юм.
Зураг төсөл батлагдвал санхүүжилт орно
/Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг хариуцсан инженер Р.Даваасүрэн/
-Гэрэл цахилгаангүй айл олон байна. Нийслэлээс ямар ажил хийж байна вэ?
-Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд, цахилгаан эрчим хүчээ сайжруулах болон эрчим хүчинд шинээр холбогдохын тулд хоёр, гурван шат дараалалтай ажил хийх ёстой юм. Эхлээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК болон тухайн дүүрэгтээ, эсвэл Нийслэлийн захирагчийн албанд өргөдөл гаргана. Өргөдөл гаргаж буй айл өрх, албан ёсны зөвшөөрөлтэй, байнгын суурьшмал хаягтай байх ёстой юм. Үерийн далан дээр ч юм уу, зөвшөөрөлгүй газар буусан өрхөд дан ганц цахилгаан хангамж ч биш, инженерийн хангамж үйлчилгээ үзүүлэх нь хуулиар хориотой байдаг.
-Зөвшөөрөлтэй айл өрхийн цахилгааныг хэзээ холбох вэ?
-Цахилгаанд холбуулахын тулд иргэн эхлээд хүсэлтээ өгөөд, газраа шалгуулна. Тухайн дүүрэг хорооны төлөөлөл, манай захирагчийн алба, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн төлөөлөл газар дээр нь очиж шалгаад, цахилгаанаар хангах боломжтой эсэхийг газар дээр нь шийдвэрлэдэг. Бололцоотой айл өрхүүдийг нэгтгэж судалгаа гаргаад эхний ээлжинд зураг төсөв хийнэ. Зураг төсвийг магадлалаар оруулж батлагдсан тохиолдолд, түүн дээр тулгуурлаж дараа дараагийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Үүний үр дүнд эцсийн буюу угсралтын ажил хийгдэж цахилгаан эрчим хүчээр хангадаг байгаа.
-Хүсэлтээ өгөөд хүлээж байгаа иргэн цөөнгүй байна.
-Иргэд хүсэлтээ өгөөд л тухайн жилдээ цахилгаанд холбогдох боломжтой мэт ойлгодог. Тэгэхээр батлагдсан зураг төсөл дээр л мөнгө, санхүүжилт орж ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхний ээлжинд зураг төсөл хийлгэх хэрэгтэй. Одоо манай дээр төвийн 6 дүүрэгт бэлэн хийгдсэн зураг төслүүд байна. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа учраас жилд тодорхой тооны л айл өрхийг цахилгаанд холбож байгаа.
-Зураг төслөө батлуулахын тулд яах ёстой вэ?
-Шинээр цахилгаан эрчим хүчинд холбуулах гэж байгаа газрын зөвшөөрөлтэй, хүчдэлийн уналтыг сайжруулах хүсэлтэй иргэд маань хороо, дүүргээрээ дамжуулан захирагчийн ажлын албанд хүсэлтээ өгөх хэрэгтэй. Ингэснээр тухайн оны зураг төсөл хийх жагсаалтад хамрагдах бүрэн боломжтой. Зураг төсөв хийгдсэн тохиолдолд дараа дараагийн онд хөрөнгө оруулалтыг тусгаад цахилгаан эрчим хүчээр хангах бүрэн боломжтой болно. Гэр хорооллын өрхүүдийн цахилгаан эрчим хүчийг сайжруулах ажлыг хотын зүгээс үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг.
Цахилгаан холбуулахын тулд иргэн эхлээд хүсэлтээ өгөөд, газраа шалгуулна. Хүсэлтийн дагуу тухайн дүүрэг хорооны төлөөлөл, Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн төлөөлөл газар дээр нь очиж шалгаад, цахилгаанаар хангах боломжтой эсэхийг газар дээр нь шийдвэрлэдэг гэнэ. Харин иргэн Б.Цэрэндоржийн хэлж буйгаар зургаан жил амьдрахад хүсэлтийнх нь дагуу дээр дурьдсан албаны хүмүүс нэг ч удаа очоогүй аж. Шаардлагатай хөрөнгө оруулалт нь хийгдэхгүй байгаа учраас жилд цөөн хэдэн айл өрхийг л цахилгаанд холбож байгаа гэдэг зүйлийг ажил хариуцсан инженер хэлж байна. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь хэн, хэзээ шийдэж, алслагдсан дүүрэг, хороодын айл өрх тог цахилгаанд залгах нь ёстой л азанд найдах хэрэг бололтой. Иргэн Б.Цэрэндоржийн хэлснээр сонгуулиар л тогтой болж магадгүй юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ