Эхнэртэйгээ уулзахын тулд онгоц барьцаалжээ

img

Египетийн агаарын тээврийн “Egypt Air” компанийн “А320” онгоцыг өчигдөр 22.05 цагийн орчимд барьцаалсан байна. Уг онгоцонд багийн 15 гишүүн болон 66 хүн зорчиж явжээ. Зорчигчдын 21 нь жуулчин байсан гэнэ. Зорчигчид суудлаа эзэлсэний дараа тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн нэг этгээд онгоц барьцаалсан болохоо мэдэгджээ. Тэрбээр ахмадыг чиглэлээ өөрчлөхийг шаардсан байна.

 

Онгоц Каир хотноо очих байсан ч гэмт этгээдийн сүрдүүлгээс болж  Кипр улсын нийслэл Ларнака хотноо газарджээ. Гэмт этгээдийг Сэйд ад Дин гэдэг. Цагдаагийнхан онгоцыг бүслэх үед гэмт этгээд ахмадаас бусад бүх зорчигчийг чөлөөлсөн аж.

 

10 минутын дараа гэмт этгээд ахмадыг суллаж, өөрөө бууж өгчээ. Мөрдлөгөөр гэмт этгээдийн зүүсэн тэсрэх бөмбөг хуурамч байжээ. Тэрбээр Кипрт амьдардаг эхнэр дээрээ очихын тулд онгоц барьцаалсан байна.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийн эхнэр болон гэр бүлтэй нь холбоо тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Киприйн Ерөнхийлөгч “Энэ хэрэг терроризмтой холбоогүй” гэсэн байна.

 

Сэйд ад Динийг сэтгэцийн өвчтэй эсэхийг тодруулж буй аж. Онгоц барьцаалах үедээ түүний ааш зан нь гэнэт өөрчлөгдөж байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ