З.Энхболд: Маргааш чуулган хийх гэж дахиад нэг оролдъё

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийх байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшилсон. Харин өнөөдөр 14.00 цагт эхлэхээр товлогдоод байсан чуулганы хуралдаан мөн л ирц хүрээгүйгээс хойшлов.
Чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд ирээгүй юм байна. УИХ-ын дарга З.Энхболд “Олон түмэн биднийг цөмийн хаягдлыг Монгол руу оруулахыг хориглож өгөөч гэж ордны гадаа жагсч байна. Засгийн газраас Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ дагуу чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэмэлт оруулж, дээрх хуулийг яаралтай дэгээр хэлэлцэхээр болсон.
Олон түмэн ийм хүлээлттэй байна, МАН-ын гишүүд ээ. Та бүхнийг маргааш 09.00 цагт дахин урьж байна. Маргааш чуулган хийх гэж дахиад нэг оролдъё.
Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Хуралдаанд ирэхгүй байгааг чинь цөмийн хаягдлыг нэвтрүүлэхийг зөвшөөрч байна гэж олон түмэн ойлгож байна” гэв.
Ийн ээлжит бус чуулганы хуралдаан дахин хойшилж, маргааш өглөө 09.00 цагт эхлэхээр болов.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ