Төрийн ордонд танхайрсан Л.Наранбаатарт 20 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Төрийн ордоны тусгай хамгаалалттай бүсэд танхайрч, оймс шидсэн Л.Наранбаатарыг 20 мянган төгрөгөөр торгоод өнгөрчээ. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар Төрийн ордон нь тусгай хамгаалалттай бүс. Тийм учраас тэнд хуулиар тогтоосон дэг жаяг үйлчилдэг. Нөгөө талаар монголчууд төрөө, Төрийн ордоноо дээдэлж хүндэтгэдэг. Гэтэл хэн дуртай нь гутал хувцсаа тайчаад шиддэг жишиг Л.Наранбаатараар тогтож байна. Тэрбээр Төрийн ордонд танхайрсанаа зөвтгөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан бусдыг уриалан дуудах боллоо. 20 мянган төгрөгтэй л бол Төрийн ордонд яаж ч танхайрч болдог гэсэн жишгийг тэр үзүүлж, бусдыг үймээнд уриалж байна.
Хэдэн жилийн өмнө “Онги гол” хөдөлгөөнийхөн Төрийн тусгай хамгаалалттай бүс рүү чулуу шидсэн үйлдэлд нь хуулийнхан торгох хариуцлага ноогдуулаад өнгөрсөн. Гэтэл тэд дараа нь Төрийн ордон, хотын төвд гранат, тэсрэх бөмбөг булчихаад тэсэлж дэлбэлэхийг завдсан. Гэмт үйлдлийг өөхшүүлэх ийм хортой.
Л.Наранбаатар энэ удаад оймс шидэж танхайраад 20 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч. Маргааш хэн нэг нь Төрийн ордонд хүн амины хэрэг үйлдэх вий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ