Ирж яваа цаг

Урь унаж, жаврын үзүүр цаашилжээ. Энэ өдрүүдэд хотын төвөөр өнийн дурсамжаа сэтгэл зүрхнийхээ хаа нэгтэйгээс эрж хайсан шигээ тааваараа гэлдрүүлж явах сайхан. Гэвч хачин тансаг энхэрхэн үнэр хөдөө зүгээс л сэвэлздэг учраас хүлгийн жолоог хөдөө тийш залах хүслийг төрүүлнэ. Нийслэлээс 80 километр яваад хүрэх Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Адуунчулуут” хэмээх газарт хаваржиж буй малчин Т.Даваажавынд саатлаа.
Их ажлын ундарга жаахан татарсан бага үдийн алдад очиход эх мал бэлчээрт гарсан байв. Хонь хотолсон бууцны тийм гэхийн тэмдэггүй өвөрмөц үнэртэй хотонд ишиг, хурганууд нар ээн, энэ тэнд таран хэвтэцгээнэ. Хөдөө төрсөн, өссөн хүний хувьд бууцны үнэр танил бөгөөд соньхон байлаа. Энэ л бууцан дээр өсч, торнисон хүн Монголд олон. Эднийд тийм нэг малгайтай бурхан өсөж байна.
Т.Даваажавынх хүүгийн хамт хоёр гэрээр айл өвөлжжээ. Тэдний том хүүг Д.Бат-Эрдэнэ гэдэг. Түүний хүү Б.Эрдэнэбат гэх ой найман сартай энэ бяцхан жаал хонь бэлчсэн цагаар хурга ишгэн дунд харин ч нэг буянаа эдэлж байгаа нь энэ. Нэг нь мод бариад толгой, нуруугүй цохих гээд гүйж ирэхэд өнөөх нь өөдөөс нь айж ч мэдэхгүй майлсаар очих энэ хоёр нялх амьтан л адуу малын зүс өтгөрсөн өнгө муутайхан хаврыг хачин тансаг болгох шиг.
Т.Даваажавынх таван хошуу мал адгуулж амьдардаг юм байна. Бог мал нь дөнгөж төллөж эхэлсэн, 50 гаруй төл хүлээж аваад байгаа боловч дахиад 200 төл хүлээн авах аж. Бод мал нь төллөх болоогүй, сарман гунж нь саяхан тугалжээ. Түүнээс өөр бод төллөөгүй байна. Ихрийн өрөөсөн, эсвэл жилбэ муутай эхийнхээ сүүнд цадаагүй хурга, ишгээ шинэ тугалын баралгүй үлдээсэн сүүг саан угжиж харагдана.
Бага үдэд залуу малчид хотоо цэвэрлэлээ. Хаврын өдөр уртын их ажлын ундарга одоо л нэг шувтарч гэрийн эзэгтэй мөс хайлж хүүгийнхээ өмдийг угаасны дараагаар “ирсэн зочдод” хэмээн хүндэтгэж борц хөвсөн хийцтэй цай хийн барилаа. Цайлангаа ахмад малчин Т.Даваажав гуайтай цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй. Том хүүгээс нь бусад нь хотод товхиносон. Аль нэгийг нь мал дагуулах гэж арга ядахдаа том хүүгээ хөдөөний айл болгосон. Одооны хүүхдүүд хөдөө амьдарна гэхээр үстэй толгой нь арзайдаг бололтой юм. Мал дагасан хүн алзахгүй, малын буян хишиг тасардаггүй талаар учирлав.
Улсын хэмжээнд нийт малчдын 47 хувийг залуу малчин эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Үүнээс үзэхэд залуу малчдын тоо цөөн биш юм. Гэвч Т.Даваажав гуайн хэлснээр удам залгаж малчин болох хүсэлтэй нь цөөн байж болох.
“Адуунчулуут” хэмээх энэ газарт алтны уурхай олон. Үүнийг дагаад “нинжа” хэмээх гар аргаар алт олборлодог хүмүүс цөөнгүй байна. Морь эргэв үү гэлтэй тоос татуулан цуварсан олон портер машинууд аль нэг алтны уурхайн дарга, захиралд нь хөөгдөн хурдлах нь гайхмаар. Залуу малчин Д.Бат-Эрдэнэ хонио баруун энгэр дээгүүр давав уу үгүй юу араас нь мордоно. Учир нь “Нинжа” нэртэй эдгээр хүмүүс айлын хонь, малыг тайван байлгадаггүй нүднээс далд орохоор зэрэг туучихаад байдаг талтай гэж Т.Даваажав гуай учирласан юм. Энэ нутагт сүүлтэй чоно цөөн ч сүүлгүй чоно гэж нэрлэж болохоор нь олон гэнэ. Энэ нь малчдын санааг чилээдэг зүйлсийн нэг нь яах аргагүй мөн. Малаа бэлчээрээс нь алдах явдал мэр сэр гарсаар байдаг ажээ.
Төд удалгүй төлдөө яарсан хонин сүрэг баруун хамрыг даван гэрийн зүг цувжээ. Эхийнхээ дууг сонссон хурга, ишиг нэгэн зэрэг майлалдана. Төлийн дуу цангинана гэдэг л энэ байх даа. Төд удалгүй хонь хургаа олсноор энэ дуу намжив. Цувж буй малын сүүлчийг мушгин ямаа ишгэндээ ирж байна. Ямаа нэг их дуу бололгүй намдуухан майлсаар ишгээ олж авав. Нялх тугалтай өнөө сарман гунж гэнэт ухаан орсон мэт гэрийн гадаа чанга гэгч нь мөөрлөө. Гунжны тугалыг тавьж өгснөөр төл бүгд эхдээ очжээ. Энэ завсар малчид оройн хоолоо базаахаар гэр гэр рүүгээ орлоо.
Нар баруун уул руу дөхсөн байна. Энгэр ээвэр газар шаргалтан хөдөөгийн нэгэн өдөр дуусах дөхсөн байлаа. Мал хотлох болоогүй, нар туссан ээвэр газар хонин сүрэг налайн тогтжээ.
Ирж яваа цагийн урь амсаж, төлийн дуу цангинасан шаргал талын дундах малчин айлд аяны дөрөө мултлаад ирсэн минь энэ билээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ