Удирдагчдын оффшор дансыг ил болгожээ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо өчигдөр Панамын “Mossack Fonseca” хуулийн байгууллагын хууль бус ажиллагааны талаарх мэдээллийг цацсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сэтгүүлчдийн холбоо тус байгууллагын үйлчлүүлэгчдийн 11 сая баримтыг дэлгэсэн аж. Эдгээр баримт дунд 200 гаруй орны улстөрч, урлаг спорт, бизнес эрхлэгчдийн оффшор дансны мэдээлэл багтжээ.
Сэтгүүлчид уг баримтад үндэслэн Аргентины Ерөнхийлөгч Макри, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын гэр бүлийнхний хөрөнгийн мэдээлэл, Ливийн удирдагч Муаммар Каддафи, Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ойрын хүрээллийн хүмүүсийн дансны мэдээлэл, Саудын Арабын эзэн хаан болон түүний гэр бүл, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зэрэг дэлхийн 70 гаруй орны улстөрчийн хөрөнгийн мэдээллийг ил болгосон байна.
Мөн тэд “Mossack Fonseca” компанийг 40 жилийн хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг хууль бус үйл ажиллагаа хийж байсан хэмээн буруутгажээ. Эдгээр баримтыг Германы “Suddeutsche Zeitung” сонинд нийтэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ