Төмөртэй-Хандгайтын төмөр зам нээгдлээ
2016-04-04

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг энэ сарын 3-ны өдөр нээж, анхны тээвэрлэлтийг хийлээ. Засгийн газрын өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор тус төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт “МТЗ” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү төмөр замыг Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналаар шагнасан байна.

 

Монгол Улсын ган бүтээгдэхүүний түүхий эдийг тээвэрлэх Төмөртэй-Хандгайтын төмөр замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Зам, тээврийн сайд М.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн захирал Д.Батжавхлан болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу “Кью Эс Си” компани Эдийн засгийн хөгжлийн яамтай Концессын гэрээ байгуулж, тээврийн асуудлыг шийдвэрлэх дэд төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт баригдах шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэхээр энэхүү төмөр замыг барьж дуусгасан юм. Энэхүү төмөр зам нь ачиж буулгах 3 терминал, хамгийн сүүлийн үеийн техник технологи, дохиолол холбооны хэрэгслээр тоноглогдсон төмөр замын гарам, өртөө зэргээс бүрдсэн иж бүрэн цогцолбор бөгөөд жил гаруй хугацаанд барьж байгуулсан байна.  Төмөртэйн ордоос энэ жил 1 сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх бөгөөд цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилготой ажээ.

Хандгайт-Төмөртэйн ордын төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагчаар “Кью Эс Си” ХХК, үндсэн гүйцэтгэгчээр “Монголиан Рэйлвэй корпорэйшн” ХХК, “Пик девелопмент” ХХК, “Хөтөл керамзит” ХХК,  “Максимал” ХХК болон УБТЗ ХНН хамтран ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин
Really:
Мардайд ашилаж байгаад хээрийн түймэрт шатаж бараг хэрэггүй болсон рейлс төмөрийг үнэгүй авч энэ дэлгэсэн урт нь 40 км, гэхдээ зөрлөгөө эс тооцвол 27 км замыг Монголын Төмөр зам ТӨХК-д 80 тэрбум төгрөгөөр шахсан юм байна. тэрийг нь бондын мөнгөөс гаргасан. нилээд юм унагасан байлгүй дэ
2016-04-04