Удирдагчдыг сандаргаж буй оффшор данс

Дэлхийн удирдагчид болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн урлаг, спортын оддын нууц оффшор дансыг сэтгүүлчид дэлгэсэн билээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээлэв.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо буюу “ICIJ” Панамын “Моссак Фонеска” хуулийн байгууллагын хууль бус ажиллагааны талаарх мэдээллийг Германы “Suddeutsche Zeitung” сонинд нийтэлсэн байна. Сэтгүүлчид 2014 оноос эхлэн тус байгууллагын үйл ажиллагааг мөрдөж, шаардлагатай материал цуглуулжээ. “ICIJ”, өчигдөр олон улсад тус байгууллага болон үйлчлүүлэгчидтэй холбоотой 11.5 сая баримтыг танилцуулсан байна.
Эдгээр баримтад дэлхийд нөлөө бүхий улстөрчид, урлаг болон спортын алдартнууд, бизнес эрхлэгчдийн оффшор дансны мэдээлэл багтжээ. Сэтгүүлчид Аргентины Ерөнхийлөгч Макри, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон түүний гэр бүл, Ливийн удирдагч Муаммар Каддафи, Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний ойрын хүрээллийн хүмүүсийн дансны мэдээлэл, Саудын Арабын эзэн хаан болон түүний гэр бүл, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон зэрэг олон улсад танигдсан улстөрчдийн нууц хөрөнгийн мэдээллийг ил болгожээ.
“Моссак Фонеска” компанийг 40 жилийн хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг хууль бус үйл ажиллагаа хийсэн хэмээн “ICIJ” буруутгасан байна. Уг баримтад нэр нь дурьдагдаад буй улстөрчид эхнээсээ “Моссак Фонеска” байгууллагатай холбоогүй гэдгээ мэдэгджээ. Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны бие төлөөлөгч Хелен Бауэр “Ройтерс” агентлагт “Сайдын гэр бүлийг Панам дахь оффшор дансанд хөрөнгө оруулсан гэх мэдээлэл цацагдаж байна. Би энэ талаар тайлбар хиймээргүй байна. Энэ бол тэдний хувийн асуудал” гэж хэлжээ.
Сэтгүүлчдийн дэлгээд буй уг баримтад Камероны эцэг Иэн Камерон Панам дахь оффшорын тусламжтай Британийн татвараас “Блайрмур холдинг” компанийн мөнгийг нууж байсан гэжээ. Энэ талаар Хелен Бауэр “Би хэллээ. Энэ бол сайдын гэр бүл дэх асуудал” гэсэн байна. Хөрөнгөө нуусан гэх асуудал ганцхан Камероны гэр бүлээр дуусаагүй юм. “Блайрмур холдинг” компанийг Британийн нөлөө бүхий бизнес эрхлэгчид ашиглаж, хөрөнгөө нуусан гэв.
“ICIJ” холбоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг хоёр тэрбум ам.долларын оффшорын данстай хэмээн мэдээлжээ. Уг дансны эзэмшигч дээр Путин гэж бичигдээгүй хэдий ч уг данс руу Путиний ойрын хүрээллийн хүмүүс, гэр бүл, найз нөхөд болон улс төрийн хамтрагчид нь хүртэл мөнгө шилжүүлж байсныг тогтоосон байна. Путиний дотны анд гэх, морин хийлч Сергей Ролдугин уг данстай холбоотой болох нь тогтоогджээ. Тэрбээр барууны компаниудын тусламжтай асар их мөнгийг Оросын банкууд руу гуйвуулдаг байна. Сергей Ролдугин Ерөнхийлөгчийн том охины загалмайлсан эцэг бөгөөд Путинийг улс төрд орсон цагаас хөшигний цаанаас дэмжиж ирсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлдэг. Тэрбээр “Виолончелч”, “Россия” компанийн хувьцаа эзэмшигч гэгддэг. Гэхдээ тэрбээр энэхүү мэдээллийг эрс үгүйсгэдэг юм. 2013 оны нэгэн ярилцлагынхаа үеэр “Би хөгжмөөрөө л хоолоо олж иддэг” гэж ярьжээ.
Өнгөрсөн онд Путин болон түүний холбоотнууд уг дансаар 200 сая ам.долларын гүйлгээ хийсэн болохыг сэтгүүлчид тогтоожээ. Уг асуудалтай холбоотойгоор Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэл хийв. Тэрбээр “Худал мэдээллийг мянга сонсохоор үнэн болдог. Өнгөрсөн сарын 31-нд тус байгууллагаас Ерөнхийлөгчийн санхүүгийн тайлан болон гэр бүлийн хөрөнгөтэй холбоотой материал цуглуулж дэлгэх гэж буйгаа мэдэгдсэн. Тэдний өгүүлснээр уг баримтад дурьдаастай байгаа эрхмүүд Ерөнхийлөгчтэй холбоотой, цаашлаад гар нийлж мөнгө угаадаг гэсэн. Харамсалтай нь тэдний бэлдсэн мэдээ, материалд алдаа гарсныг мэдэгдэж байна. Уг баримтад дурьдаастай байгаа зарим эрхмүүдтэй Ерөнхийлөгч ганц ч удаа уулзаж байгаагүй” гэж мэдэгджээ. Путиний холбоотон дунд түүний нэр багтаж буй тухай Песков “Утгагүй асуудал” хэмээн хариулсан байна.
Ийнхүү “ICIJ” холбооны дэлгэсэн материалыг Британи, ОХУ-ын удирдагчид эрс үгүйсгэж, богинохон хэдий ч тайлбар хийлээ. Харин БНХАУ-ын дарга Си Зиньпинийн төлөөлөгчид уг асуудлаар тайлбар хийхээс эрс татгалзсан нь олныг гайхуулж байна. Коммунист намын хэвлэлийн алба “Тайлбар хийхгүй” хэмээн мэдэгджээ.
Улстөрчдөөс гадна урлаг, спортын оддын оффшор дансыг сэтгүүлчид ил болгосон. Хятадын кино урлагаас гараагаа эхэлсэн нэрт жүжигчин Жеки Чан хүртэл оффшор данстай болохыг илчилсэн. Энэ талаар жүжигчин эр “Надад бусдаас нууцалсан данс зэрэг байхгүй” гэсэн байна. Мөн хөлбөмбөгчин Месси оффшор дансны асуудлаар тайлбар хийхээс татгалзжээ.
“Моссак Фонеска”-аас алдагдсан баримтын асуудалд Панамын Засгийн газар анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдлээ. Засгийн газрын хэвлэлийн алба “AFP” агентлагт “Баримт дээр үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулна” хэмээн мэдэгджээ. Украины “Форбес” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хөрөнгийг 100 саяар нэмэгдсэн хэмээн мэдээлсэн. “ICIJ”-ийн дэлгэсэн материал дээр Порошенког оффшор данстай болохыг тогтоосон билээ. Ерөнхийлөгч оффшор дансны тухай твиттертээ “Хуулийн дагуу шалгуулахад бэлэн” гэж жиргэжээ.
Саудын Арабын эзэн хаан Салман оффшор дансны асуудлаар тайлбар хийгээгүй ч бие төлөөлөгч нь “Энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тун удахгүй албан ёсны тайлбарыг хийх болно” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ