Андрес Любицийн гэр бүл дургүйцлээ илэрхийлжээ

Германы “Germanwings” компанийн “Airbus A-320” онгоц өнгөрсөн оны гуравдугаар сарын 24-нд Альпийн нурууны бэлд осолдсон билээ. Ослоор 150 хүн амиа алдсан юм. Мөрдөх баг ослын буруутнаар хоёрдугаар нисгэгч 27 настай Андрес Любицийг нэрлэсэн. Тэрээр ахмадыг бүхээгнээс гарах үед хаалгаа цоожилсон болохыг хар хайрцагны бичлэгээс олж тогтоосон билээ. Любиц мөн удаан хугацааны турш сэтгэл зүйчтэй уулзаж, тусгай хөтөлбөрт хамрагдаж байсныг тогтоосон юм. Тэгвэл ослын буруутан гэгдээд буй хоёрдугаар нисгэгчийн гэр бүл дургүйцлээ илэрхийлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Нисгэгчийн ээж Урсула Любиц “Миний хүү араатан бус хүн. Түүнд зүрх сэтгэл гэж бий” гэсэн бол аав Гюнтер Любиц “Хүүг минь араатан мэтээр ярих нь утгагүй хэрэг. Миний хүү амь насаараа хохирсон. Бидний уй гашууг улам нэмэгдүүлж буй удирдлагууд болон сэтгүүлчдэд гомдож байна. Үнэхээр харамсалтай. Хүүг минь буруутан гэсэн болгоныг шүүхэд өгөх болно” гэж мэдэгджээ.
Нисгэгчийн гэр бүлийнхэн Герман болон Францын Засгийн газраас ташаа мэдээлэл тараасныхаа төлөө уучлалт гуйхыг шаардсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ