Бүлгийн даргаа тодруулна

img

УИХ  дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гишүүн Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийсэн юм.

 

Тус эвслийн бүлгээс  Л.Цог, Г.Уянга нар гарч  байгаагаа мэдэгдсэн. Гишүүд бүлгээс гарах эсэхийг хэлэлцэж шийддэг хууль дүрэм байдаггүй учраас тэдний гаргасан шийдвэрийг УИХ-ын даргад өргөн барих юм байна.

 

“Л.Цог гишүүн бүлгээс гарч байгаа учраас УИХ-ын дэд даргын суудлаа өгнө. Тиймээс хэнийг томилох талаар өнөөдөр бүлгийн хурлаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учир эцсийн шийдвэрийг пүрэв гаригт болох чуулган дээр сонордуулна” хэмээн Н.Батцэрэг гишүүн мэдээлэв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуав.

 

-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч  танай намд хэзээ элссэн бэ?

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

 

-Намын гишүүн биш. Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, салбараа мэддэг, энэхүү салбарыг өөд нь татаад аваад явчих чадамжтай, салбарын тулгамдсан асуудлыг баг хамт олны туслалцаатайгаар өөрчлөөд явах боломжтой гэж үзэж намын харьяаллыг чухалчлаагүй. Мэдлэг боловсрол, салбартаа хийж бүтээсний нь үнэлж нэр дэвшүүлсэн. Энэ хүн өмнө нь эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан. Аль ч Засгийн газрын үед ажиллаж байсан эсэхийг үл харгалзан нэр дэвшүүлсэн байгаа.

 

-Тавантолгой төсөл дээр танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:

 

-Тавантолгойн асуудал энэ 7 хоногийн хэлэлцэх асуудалд ороогүй учир бүлгийн хурлаар яриагүй. Ер нь бүлэг анхаарал татсан том асуудал гэдэг утгаараа хаврын чуулганы өмнө байр сууриа илэрхийлж байсан. Бүлэг бол нэгдүгээрт, Үндсэн хуулийн газрын хэвлийтэй холбоотой тэдгээр зүйл заалт амьдралд хэрэгжихээр бололцоотойгоор энэ асуудал хэрэгжих ёстой. Нөгөөтэйгүүр нөөц нь тогтоогсдсон Тавантолгой гэсэн энэ орд монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэж үзэж байгаа.

 

-Эвслийн бүлгээс нэг гишүүн гарвал бүлэг задрах, цаашлаад Засгийн газар чадамжгүй болж болзошгүй гэдэг үүднээс та бүхэн  ярьж байгаа юу?

 

-Одоогоор хэн нэгэн гишүүн бүлгээс гарна гэсэн санал санаачилга гаргаагүй.

-О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарна гэсэн яриа байгаа юм.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Ганцхан манай бүлэгт энэ асуудал тохиолдоод байгаа юм биш. Бусдын адил л ажиллаж байна. Бүлэг дотор санал зөрөлдсөн болгоноор нь тухайн гишүүнийг бүлгээс гарах нь гэсэн таамаг дэвшүүлэх нь бүдүүлэг юм. Тийм учраас аливаа асуудал дээр байр сууриа нэгтгээд, эсвэл байр суурь зөрчилдвөл өөр өөрийн байр сууриа илэрхийлээд явж байсан.

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ