Сард 300 хүн хорт хавдраар нас барж байна

“Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч Т.Ариунбаатар, нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар нар бензин шатахууны үнийн асуудлаар болон “Халдваргүй Монголын төлөө” хөдөлгөөний талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн гуравдугаар сард тус холбооноос “Халдваргүй Монголын төлөө” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Хөдөлгөөний хүрээнд:
Нэгдүгээрт, бүх нийтийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд орох механизмыг бүрдүүлэх
Хоёрдугаарт, эмчлэх оношлох боломжгүй өвчнөөр 2015 оны байдлаар 300 орчим хүн гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэсэн тоон мэдээ байдаг. Эдгээр иргэний зардлыг монголын төр зуун хувь хариуцах хүсэлт бүхий албан бичгийг төр, засгийн удирдлагуудад хүргүүлжээ. Гэвч тус шаардлагад хариу өгөөгүй аж. Иймд дахин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад ил захидал хүргүүлж буйгаа хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар мэдэгдлээ.
Тэрбээр ил захидалдаа “...Бидний албан бичиг хүргүүлснээс хойшхи болон та бүхний хэрүүл тэмцэл хийж өнгөрөөсөн нэг сар гаруйн хугацаанд монголын гурван сая иргэнээс 500 нь хорт хавдраар өвчилж, 300 гаруй нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Мөн олон арван хүн монголд эмчлүүлэх боломжгүйгээс болж гадаадад эмчлүүлэх зардал хүсч нус нулимстайгаа хатаж сууна. Бидний хийсэн судалгаагаар 30 гаруй тэрбум төгрөгөөр дээрх асуудлыг шийдвэрлэх боломж бүрэн байна. Тодруулбал, бүх нийтийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах нөхцөл боломж, механизмыг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд 10 гаруй тэрбум, Монголд эмчлэх оношлох боломжгүйгээс эмчилгээний зардал хүссэн 300 хүнийг эмчлүүлэхэд 24 тэрбум нийт 30 гаруй тэрбум төгрөг шаардагдах юм. Энэ нь хүүхдийн мөнгөнөөс долоо дахин, та бүхний гадаад томилолт, өрөө тасалгаагаа засах, ширээ сандлаа солих, хурал зөвлөгөөн хийх мөнгөний дэргэд хавьгүй бага. Ийм учраас иргэдийнхээ эрүүл мэндийг баталгаажуулсан, юу юунаа илүү үнэ цэнэтэй шийдвэр гаргахыг дахин дахин хүсэмжилж байна” хэмээсэн байна.
2015 онд ХӨСҮТ-өөс гаргасан мэдээгээр Монгол улсын 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь нас барсан үзүүлэлт гарчээ. Энэ нь сард 300 гаруй, өдөрт 10 хүн аюулт өвчнөөр нас барж байгаа гэсэн тооцоо судалгаа байна. Хорт хавдарт өвчин жил ирэх тусам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа талаар Д.Чулуунбаатар хэллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ