Ерөнхий сайдыг шүүхэд өгчээ

Өнгөрөгч долоо хоногийн лхагва, пүрэв гарагт болсон Монголын эдийн засгийн форумын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавьсан.
Тэрбээр, монголын эдийн засгийг өрөнд орж дампуурах нь гэх мэтээр ташаа мэдээлэл цацаж буй МАН-ын сонгууль угтсан үйл ажиллагаа арай л хэрээс хэтэрч буй талаар онцолж, харин ч бондоос мөнгө авчихаад өрөө төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүд болох УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн MCS, Н.Номтойбаярын МАК, О.Содбилэгийн Ник Петровис зэрэг томоохон хувийн компаниудыг нэр цохон зарласан.
Тэгвэл энэхүү гүтгэлэг доромжлолтой холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдыг шүүхэд өгчээ.
Тэрбээр, энэ үйлдлээ “Засгийн газрын өртэй ямар ч хамаагүй гэдгийг хэлье. Учир нь бид “МАК”-ийн цемент шохойн үйлдвэрийг барих нийт хөрөнгийн 80 орчим хувийг өөрсдөө гаргасан. Үлдсэн цөөн хувьд нь л Хөгжлийн банкнаас зээл авсан хэрэг. Манай компани 10 хувийн хүүтэй, 50 сая ам.долларын зээл авчихаад байгаа.
Ч.Сайханбилэг сайд “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын МАК компани” гэж зарласан. Гэтэл энэ компанийг минийх гэж хэн хэлсэн юм. Би УИХ-ын гишүүний нэрээр зээл аваагүй. Гэсэн атал УИХ-ын гишүүний ажлыг компанитай холбосон нь гүтгэлгийн чанартай үйлдэл боллоо” хэмээжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ