“Орчлон” салбар сургууль шилжин суралцаж байгаа сурагчдадаа нэмэлт хөтөлбөрөөр хичээл заадаг

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн “Bloomberg TV Mongolia Awards” шалгаруулалт энэ жил анх удаа Боловсролын салбарын шилдгийг тодруулж, Орчлон олон улсын сургууль энэхүү шагналын эзэн болсон. 2008 оноос Кембрижийн хөтөлбөрийг Монголдоо анхлан нэвтрүүлсэн, улмаар сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ерөнхий боловсролын бүх түвшинд Монтессори, Кембрижийн “CIPP”, ”SCP” “IGCSE” болон “A-level”-ийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг гээд сургалтын чанар, салбартаа оруулсан хөрөнгө оруулалт, өөрчлөлт, шинэчлэлтээрээ жишиг тогтоож буй Орчлон олон улсын сургууль Сүхбаатар дүүрэг дэх салбар сургуулиа нээгээд нэг жилийн хугацаа өнгөрч буй. Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээгдсэн тус салбар сургууль 1-ээс 5 дугаар ангийн сурагчдыг элсүүлэн сургадаг бөгөөд төв цогцолбор сургуулийн нэгэн адил үндэсний болон Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хослон хэрэгжүүлдэг байна.
“Орчлон” салбар сургууль шинэ элсэлтээ авч эхэлсэнтэй холбогдуулан Гүйцэтгэх захирал С.Баярмаа, бага боловсрол хариуцсан захирал МУГБ Б.Сурмаажав нараас дараахь тодруулгыг авсан юм.
-Сурагчдыг хэддүгээр ангиас нь Кэмбрижийн хөтөлбөрт хамруулбал илүү үр дүнтэй байдаг вэ?
-Ерөнхийдөө, бага боловсролоосоо хос хөтөлбөрөөр хичээллэх нь дараа дараагийн шатны хөтөлбөрийг амжилттай судлах суурь болдог. Кембрижийн Бага боловсролын хөтөлбөрийн дараа дунд боловсролын хөтөлбөрийн 1-р шат эхэлдэг байх жишээтэй. Орчлон сургууль бага, дунд, ахлах ангидаа Кембрижийн олон улсын хөтөлбөрийг босоо тогтолцоонд нь хэрэгжүүлсэн анхны Монгол олон улсын сургууль. Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүрэг дэх өөрийн байрандаа салбар сургуулиа нээсэн. Салбар сургууль маань байгуулагдаад нэг хичээлийн жилээ амжилттай дуусгах гэж байна.
-“Орчлон” салбар сургууль зөвхөн 1-5 дугаар анги хичээллүүлж байгаа гэсэн. Түүнээс дээш ангид элсэлт авах уу?
-Салбар сургуулийн хувьд 6 дугаар анги авах бэлтгэл хангалттай байгаа бөгөөд хүүхдийн тооноос шалтгаалан элсэлт авах эсэхээ шийдвэрлэнэ.
-Англи хэл заалгаж байгаагүй хүүхэд Кэмбрижийн хөтөлбөрт шилжин суралцахад хэлний бэрхшээл тулгардаг байх. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Кембрижийн бага боловсролын хөтөлбөрт Англи хэл, Математик, Байгалийн ухаан, Мэдээлэл харилцааны технологи гэсэн хичээлүүд багтдаг. Эдгээр хичээл бүгд англи хэл дээр ордог. Шилжин суралцаж байгаа сурагчдын хувьд англи хэлний хичээл үзэж байгаагүй хүүхдүүдэд нэмэлт хөтөлбөрөөр хичээл зааж, нэг түвшинд хүргэхээр ажилладаг. Мэдээж, хэлний түвшинг ахиулах, хичээлийн хоцрогдол гарсан тохиолдолд зөрүүг арилгахад сурагчийн онцлог, суралцах чадвар, ангийн түвшин, сургууль хоорондын хөтөлбөрийн зөрүүнээс хамаараад харилцан адилгүй хугацаа шаарддаг.
-Шилжиж ирсэн сурагчдыг нэмэлт хөтөлбөрөөр сургахад багш нарын хувьд ч заах арга, мэдлэг туршлага чухал нөлөө үзүүлдэг байх?
-Яг тийм. Бид шилжин суралцагчдадаа чадварлаг, туршлагатай багш нараар хичээл заалгадаг. Бидний хувьд олон улсын хөтөлбөрийг өөрийн орны боловсролын тогтолцоотой хослуулдаг онцлогоо харгалзан аль аль талдаа туршлагатай, Монгол Улсын Гавьяат болон тэргүүлэх зэрэгтэй багш нараар хамт олноо бүрдүүлдэг. Кембрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэхэд багш маш сайн бэлтгэгдсэн байх шаардлагатай. Үндэсний хөтөлбөрөөр хичээл зааж буй багш Кембрижийн хөтөлбөрийн тухай мэдлэг мэдээлэлтэй байж, олон улсын хөтөлбөрийн хичээлийн багш үндэсний хөтөлбөрийн хичээлийн талаар ойлголт мэдлэгтэй байж хүүхдэд бүх талын боловсрол олгоно. Тийм ч учраас Орчлон сургууль энэ чиглэлд анхаарч ажилласаар ирсэн. Үндэсний чадварлаг боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг олон улсын түвшний Монгол багш нарыг хөгжүүлж, чадваржуулж байгаа нь манай сургуулийн бас нэгэн давуу тал. Түүнчлэн аливаа тогтвортой, амжилттай үйл ажиллагаа гурван цагийн хэлхээсээр явагддаг гэж бид боддог. Дунд үеийнхний чадвар дээр, ахмад үеийнхээ арга туршлагыг өвлөн авч, залуу үеийг чадваржуулан хөгжүүлж нэг баг болон ажилласнаар сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явц жигд тогтвортой байна гэж үздэг.
-Та бүхэн Кэмбрижийн хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Туршлагаас харахад 4-5 дугаар ангидаа энэ хөтөлбөрт шилжсэн сурагчид эхнээс нь суралцсан хүүхдүүдтэй эн зэрэгцэх түвшинд хүрэхийн тулд хэдий хэр хугацаа зарцуулдаг бол?
-Кембрижийн хөтөлбөрүүдээр хичээллэж буй сурагчид 5,8,10,11,12 дугаар ангидаа Олон улсын шалгалт өгч хөндлөнгийн үнэлгээ хийлгэдэг. Ерөнхийдөө, 4-5 дугаар ангидаа хичээллэж эхэлсэн сурагч 1-3 жилийн дараа нэг түвшинд хүрэх боломжтой.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ академик боловсролоос гадна бусад чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаардаг болж. Орчлон сургуулийн хувьд сурагчдынхаа бүх талын хөгжлийг хангахад ямар бодлого баримталдаг вэ?
-Манай сургууль “Зөв монгол хүнийг хүмүүжүүлэн сургах, тэдний авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэн дэмжиж, амьдрах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй жинхэнэ Дэлхийн Монгол Иргэнийг бэлтгэх” эрхэм зорилготой. Энэ ч үүднээс хичээлээс гадуурх ажлын тогтсон хөтөлбөртэй. Энэ хөтөлбөрийнхөө агуулга, арга зүйгээ улам бүр чанаржуулж, зөв сэтгэл, итгэл, хандлагатай иргэн төлөвшүүлэх суурийг тавьж өгөхийг зорьдог. Урлаг, спортын төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах, амьдрах ухааны сургалтанд хамруулах, хүмүүнлэгийн үйлсэд оролцох сэтгэл зүйн, үйлийн болон материаллаг орчныг бүрдүүлснээр хүүхдийг нээж, хөгжүүлэхэд их үр дүнтэй байдаг. Түүнчлэн сургууль багш, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлж, тэдний хүсэл саналыг дээдэлж, хамтран ажилласны үр дүнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж 85-95% тай байдаг. Ингэж бид хүүхэд бүх талаар хөгжих таатай орчныг бүрдүүлэхийг хичээдэг дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ