Ассадаас болж Женевийн уулзалт дахин гацав

Сирийн хямралыг хэлэлцэх Женевийн уулзалт дахин хойшилжээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Женев хотноо үргэлжилж байсан Сирийн энхийн хэлэлцээр энэ сарын 11-нийг хүртэл тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон байна. Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагууд Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийн асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаагийн улмаас хэлэлцээр дахин хойшилжээ. Сирийн Засгийн газар сөрөг хүчнийг иргэний дайны хариуцлагыг хүлээхийг шаардаж буй бол сөрөг хүчин Ассадыг огцрох хүртэл ямар ч хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдэв.
Ийнхүү хоёр тал зөвшилцөж чадаагүйн улмаас Женевийн уулзалт дахин гацлаа. Сөрөг хүчин “Ард түмнээ боддоггүй удирдагч бидэнд хэрэгтэй гэж үү” хэмээн мэдэгдсэн байна. Уг уулзалтад Сирийг төлөөлөн оролцож буй НҮБ-ын Сирийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стаффан де Мистура өчигдөр Москва хотноо ажлын айлчлал хийж, тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа солилцжээ.
Лавров Женевийн уулзалт дахин гацсанд харамсч буйгаа илэрхийлэн “Хоёр тал харилцан буулт хийхгүйгээр энэхүү уулзалт урагшлах боломжгүй. ОХУ-ын Засгийн газар энэхүү асуудал дээр гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Женевийн уулзалт хойшилж, үр дүнгүй байх тусам Сирийн иргэд хохирсоор байх болно” гэж мэдэгджээ. Мистура гарц хайхын тулд Москва хотноо айлчилсан болохоо сайдад мэдэгдэж “НҮБ-ын гол зорилго Сирийн энхтайван. Энхтайваныг бий болгох боломжтой хоёр тал муудалцаж байгаа нь аюулын харанга дэгдээж байна. Энэ асуудал нэг улс бус олон улсын сэтгэлийг өвтгөж байна. Сирийн хөрш орнууд айдаст автаж, хэт даврагчид улам хүчирхэгжиж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр Ерөнхийлөгч Путинтэй биечлэн уулзаагүй хэдий ч хагас цаг утсаар ярьсан байна. Путин Сирийн аюулгүй байдлын төлөө цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгджээ.
Мистура Москвагаас гадна Дамаск хотноо очиж Ассадтай уулзах юм. Уг уулзалтын дараа АНУ-ын байгуулсан цэргийн эвсэлд сайн дураараа нэгдэж, бие даан цохилт өгч буй Саудын Араб улсад очихоор болжээ. Элчийн бие төлөөлөгч хэлэхдээ “Мистура Иран, Ирак улсад очих сонирхолтой байгаа. Одоогоор эдгээр улсаас хариу ирээгүй байна” гэсэн байна.
Путин, Сириэс цэргээ эргүүлэн татах зарлиг гаргасны дараа Женевийн уулзалт улам гацах болсон талаар албаныхан мэдээлэв. Орос хэдий цэргээ эргүүлэн татсан ч байлдааны ажиллагаа явуулсан хэвээр байгаа. Уг уулзалтаас ихийг хүсч байсан сиричүүд дахин хүлээх болов. Сирийн нөхцөл байдал хүндэрч байгаагаас гадна амиа алдагсдын тоо хэдийнэ 470 мянгад хүрчээ. Мөн эх орноо орхин гарах дүрвэгсдийн тоо дөрвөн саяыг давжээ.
Европын холбоо Туркийн эрх баригчидтай хэлэлцсэний эцэст Грекийн хил дээр гацаад буй олон мянган дүрвэгсдийг Турк руу шилжүүлж эхэлсэн. Турк өчигдрөөс дүрвэгсдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд хэт даврагчдын хяналтад байгаа Сири, Иракийн иргэдийг хүлээн авахаасаа болгоомжилж байна. Туркт дараалласан халдлага гарч буй. Эдгээр халдлагын цаана хэт даврагчид нуугдаж буйг тогтоожээ. Европын орнууд дүрвэгсдийг дахин хүлээх авахгүй гэдгээ мэдэгдэж, амь насаа эрсдэлд оруулан ирэхгүй байхыг уриалсан. Энэ оны байдлаар Ойрхи Дорнодоос сая орчим дүрвэгч хөгшин Европыг чиглэн иржээ.
Энэ сарын 11-нд эхлэх Женевийн гурав дахь шатны уулзалтын үеэр Орос болон АНУ-ын эрх баригчид Сирийн дүрвэгсэд болон өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан гал зогсоох дэглэмийн асуудлаар хэлэлцэхээр болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өмнө нь “Сири дэх Оросын орон зайг АНУ нөхнө” хэмээн мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл Америкийн хайр халамжийг сиричүүд мэдэрч чадахгүй байна. АНУ болон холбоотон орнууд өнгөрсөн сард 14 удаа, энэ сард хоёр удаа хэт даврагчдын байршилд цохилт өгчээ. Олон улс үр дүнгүй цэргийн ажиллагаа хийж байх хойгуур Сирийн армийнхан Оросын дэмжлэгтэйгээр Пальмира хотыг чөлөөсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ