Г.Нармандах: Нүүр будгийн урлаг Монголд 50 жилийн дараа орж ирсэн ч асар хурдацтай хөгжиж байна
Солонгос улсын Kинтекс хотод зохион байгуулагдсан “HAIRWORLD 2016" үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай үсчин, гоо сайханчид тун амжилттай оролцоод ирсэн. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 41 орны 1000 гаруй үсчид оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон үсчин, гоо сайханчид ганзага дүүрэн буцаж иржээ. Тодруулбал, "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан ганцаарчилсан үзүүлбэрээр алтан медаль авч Дэлхийн аварга болсон бол "Хос шагай" салоны захирал Н.Алтаншагай тусгай байр, “Видал” салоны үсчин Г.Ганцоож, “Мирак” салоны үсчин Б.Наранхүү,“Evergood salon”-ы гоо сайханч Э.Нармандах, “Onno make up” студийн гоо сайханч Г.Оюундалай, “Narumi make up” салоны гоо сайханч Г.Нармандах нар тус бүр хүрэл медалийн эзэд болжээ. Ингэснээр эрэгтэй үсчид багаараа хүрэл медалийн эзэд болсон байна. Мөн гоо сайхны багийн төрлөөр манай улс хүрэл медалийн эзэд болжээ. Нүүр будгийн төрөлд анх удаа олон улсын тэмцээнээс шагнал авсан , “Narumi make up” студийн захирал Г.Нармандахтай ярилцлаа.
-Танд баяр хүргэе. Оролцоод ирсэн тэмцээн уралдааныхаа талаар яриач?
-Баярлалаа. Бидний оролцоод ирсэн энэ тэмцээн бол маш том буюу гоо сайхны олимп гэгддэг. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг маш олон орон оролцдог ийм тэмцээн байгаа. Дэлхийн 41 орны 1050 оролцогч орсон. Ийм мундаг дэлхийд нэр алдартай нүүр будагчид оролцдог тэмцээнд эх орноо төлөөлж оролцсондоо үнэхээр их баяртай байна. Тэр дундаа Монголоос анх удаа нүүр будгийн чиглэлээр олон улсаас шагнал авсандаа үнэхээр их баярлаж байгаа.
-Манай улсаас хэчнээн хүнтэй баг бүрэлдэхүүн ямар төрөлд оролцов?
-Манайхан багийн төрөлд тайзны будалт, хуримын будалтын төрөлд оролцсон. Энэхүүү тэмцээнд оролцоход хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол манай үсчин гоо сайханчдын холбооныхон байсан. Тэдэндээ маш их баярлалаа гэж хэлье. Мөн энэ тэмцээнд оролцохоор явахад хувийн зүгээсээ дэмжиж тусалсан найз нөхдөдөө үнэхээр их баярлалаа. Мөн БНСУ-д сурдаг модел болж өгсөн Баярцэцэгтээ баярлаж байна. Манайхаас 43 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Очоод төрөл төрлөөрөө хуваагдаад явчихдаг. Яг нүүр будгийн төрөлд бол есөн хүн явсан. Энэ жил уг тэмцээн маань Азид болсон гэдгээрээ бидэнд маш том давуу тал болж өгсөн. Зардал мөнгөнөөс эхлүүлээд.
-Тэмцээнд оролцох зардлыг хаанаас гаргадаг вэ?, нууц биш бол хэчнээн төгрөгийн зардал гаргасан бэ?
-Тэмцээнд оролцох зардлыг бид 100 хувь өөрсдөө гаргадаг ямар нэгэн пүүс компаниуд болоод улсаас дэмжлэг байдаггүй. Тэр тал дээр жаахан асуудалтай.
-Тэгвэл тэмцээнд оролцож байгаа бусад улс орны оролцогчдын хувьд хэр дэмжлэгтэй байсан бол?
-Мэдээж хэрэг гадныхан бол маш өндөр зохион байгуулалттай пүүс компаниуд, тэр ч бүү хэл улсынх нь зүгээс маш их дэмжлэг үзүүлдэг юм байна лээ. Энэ тэмцээнд оролцохын тулд мандат төлдөг. Тэрийг нь ирж очих хоёр талын зардал гэх мэтийг нь даадаг юм билээ.
-Тэмцээний такс нь хэчнээн төгрөг байдаг юм бэ?
-1000 долларын такс төлдөг.
-Тэмцээнд оролцох эрхээ яаж авдаг вэ?
-Монголдоо сайн гэсэн хүмүүсээ сонгоод Манай үсчин гоо сайханчдын мэргэжлийн холбооноос эрхийн бичиг олгодог. Тэмцээн өөрөө босго өндөртэй учраас хэн дуртайг нь оролцуулаад байдаггүй л дээ.
-Олон улсын томоохон тэмцээнээс шагнал аваад ирлээ. Шагнал урамшуулал хэр ирж байна, мөн хамтран ажиллах санал хүсэлт ирж байх юм уу?
-Манай холбоо өөрөө яаманд хүсэлт гаргасан юм билээ. Тэмцээн уралдаанд оролцоод шагнал аваад ирвэл тодорхой мөнгөн дүнгээр шагнах талаар хүсэлт өгсөн юм билээ. Харин пүүс компаниудын хувьд одоохондоо энэ нүүр будгийн төрлийн энэ урлагийг ойлгох болоогүй байх шиг байна. Манайх цөөн хүн амтай юм чинь бие биенээ санхүүгийн тал дээр дэмжээд явчихвал энэ мэт амжилт гаргах боломж бололцоо бол байна гэж би харж байгаа. Бусад улс орныг хараад байхад харагдах байдал, тэмцээнд ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө зарсан байгаа нь шууд л харагддаг. Сваровски шигтгээгээр чимэглэх, моделиудын даашинзнаас авахуулаад өнгө загвар үнэхээр сайтайн байдаг. Манайхны хувьд моделиудын хувцсаа хүртэл найз нөхдийн дэмжлэг тусламжаар хийлгэх жишээтэй.
-Тэмцээнд хэчнээн хугацаанд бэлдэж оролцсон бэ?
-Ерөнхийдөө нэг сарын хугацаанд бэлдэж оролцсон. Энэ бол маш богино хугацаа л даа.
-Хамгийн ойрын хугацаанд ямар тэмцээн байгаа вэ?
-Ирэх жил Францад дэлхийн аварга болно. Уг нь хоёр жилд нэг удаа зохиогддог байсан. Ирэх жил Францад болоод дараагаас нь гурван жилд нэг удаа болдог болох гэж байгаа. Мөн 2017 оны нэгдүгээр сард Азийн аварга болно. Энэ тэмцээнд сая оролцсон багаараа оролцохоор болсон.
-Манай нүүр будагчдын хувьд олон улсын зах зээлд ажиллах боломж хэр байдаг вэ?
-Мэдээж хэрэг дэлхийн аваргын тэмцээнээс шагналт байр эзэлсэн учраас өөрийгөө бага зэрэг таниулж чадсан. Гадны зах зээлд гарч ажиллах боломж бол байгаа. Үнэхээр тухайн хүн өөрөө хэл ус сайтай, гадаадад ажиллах хүсэлтэй бол боломж байгаа.
-Таны хувьд хаана энэ мэргэжлийг эзэмшсэн бэ?
-Миний хувьд нүүр будгийн чиглэлээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Анх Монголдоо сурсан. Ингээд АНУ-д гоо сайхны институтэд суралцсан. Ер нь дэлхийн томоохон энэ чиглэлээрээ алдартай Герман, АНУ-ын чадварлаг багш нарын хичээлд их суусан.
-Гадны олон мэргэжилтнүүдээс номын дуу сонссон хүний хувьд Монголд нүүр будгийн энэ урлаг хөгжих боломж бололцоо хэр байна. ОУ-ын түвшинтэй харьцуулахад манайд хөгжсөн байдал нь ямар хэмжээнд байна вэ?
-Цаашдаа бол хөгжих боломж бололцоо байгаа. Монголд нүүр будаг дэлхийгээс 50 жилээр хоцорч байж орж ирсэн. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна. Манайд сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд маш их хурдацтай хөгжиж байна. Намайг анх нүүр будагчаар ажиллаж эхлэхэд гоо сайхан ч гэж ойлгоод арьс асуугаад байдаг байсан. Гэтэл энэ чинь зөвхөн нүүр будах л урлаг шүү дээ. Дэлхийд энэ урлаг киноны, тайзны, зураг авалтын гэх мэт маш олон төрөл болоод хөгжиж байна. Гэтэл манайхан нэг гэж буруу ойлгоод байдаг. Гэхдээ яах вэ хэчнээн 50 жилийн хойно манайд орж ирсэн ч манай нүүр будагчдын чадвар нь 50 жилийн хойно биш байгаа нь хамгийн олзуурхууштай байна даа.
-Нүүр будах энэ урлагийг гоо сайханчтай андуураад байдаг гэлээ. Тэгэхээр яг юугаараа ялгардаг юм бэ?
-Гоо сайханч гэдэг бол хүний арьстай ажилладаг. Нэг ёсондоо анагаах ухаанд ойр. Нүүрний онцлог зэргээс хамгаалж арьсанд тохируулж ажилладаг. Харин бид бол хүний арьсан дээр шууд ажилладаг. Будалт хийдэг үүгээр л ялгаатай.
-Олон улсад нүүр будгийн чиглэлээр ямар улс тэргүүлдэг вэ?
-Яг тэмцээний төрлөөр ОХУ, Казахстан хоёр эхний хоёр байранд орсон. Эдгээр улсуудад маш эртнээс хөгжсөн учир бүх төрөлд тэргүүлж байсан. Харин Азид бол Тайванд сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байна. Сая тэмцээнд манай ард дөрөвдүгээр байрт бичигдсэн.
-ОХУ, Казахстаны хувьд юугаараа тэгж ялгарч чадаад байгаа юм бэ?
-Өнгө будгийг маш сайн хослуулж чаддаг юм билээ. Уусгалт сайтай. Их хөнгөн жанраар ажилладаг. Харин манайхан маш хүнд өнгийг сонгож өөрсдөдөө илүү хүнд хэлбэрээр ажиллаж байгаа санагдсан.
-Монголд энэ чиглэлээр ажиллах зах зээлийн эрэлт хэр байдаг вэ?
-Бид Гоёл гэх мэт томоохон загварын шоун дээр ажилладаг. Сүүлийн үед Ариунаа Сүригийн шоунд ажиллаж байгаа. Гэхдээ манайд тэр бүр томоохон загварын шоу тэр бүр болоод байдаггүй л дээ.
- Make-up сонирхдог хүмүүс, нүүр будалтандаа анхаардаг эмэгтэйчүүд их олон болсон байна. Танай студи дээр сургалт явдаг юм шиг байна. Ямар насны хүмүүс их ирж байна?
-Манайхаас нүүр будалтын чиглэлийн бүх шатны сургалт явуулдаг. Энгийн хүмүүсийн хувьд ганцхан өдрийн сургалтаас авхуулаад 14 хоногийн, нэг сарын хугацаатай, мэргэжлийн артистуудын хувьд анхан, дунд, гүнзгий гээд шат шатны сургалт байдаг.Гэхдээ ихэнх бүсгүйчүүд мэргэжлийн артист болохгүй учраас мэргэжлийн бус хүмүүст зориулсан сургалтаа илүү түлхүү явуулдаг. Эмэгтэй хүний хэр их арчаатай, өөртөө анхаарал тавьдаг вэ гэдгийг үнэлдэг арга нь хувцаслалт, үс засалт, нүүр будалт болсон. Маш олон бүсгүйчүүд ханддаг ч гэсэн насны хязгаар байхгүй. Жишээ ньманай сургалтанд 16-45 нас хүртэлх бүсгүйчүүд үйлчлүүлж байна.
- Гайхалтай нүүр будалтыг өөрийн гараар хийхэд юу юу хэрэгтэй вэ?
-Ихэнх эмэгтэйчүүдийн косметикны цүнхэнд юу юу байх ёстой вэ гэдгээс эхлээд ярья.Тэгэхээр хамгийн эхлээд хөмсөгний асуудал. Бүсгүйчүүдийн хувьд ихэнх нь шивүүлчихсэн, эсвэл тал хөмсөгтэй яваад байдаг. Хөмсгөө хэрвээ зурдаг бол хөмсөгний зориулалтын тень сонгох нь зүйтэй. Өнгөний хувьд аль болох нүд юм уу үсний өнгөтэйгээ зохицуулж сонгоорой гэж би зөвлөдөг.
Суурь кремээ сонгохдоо аль болох өөрийн арьсны өнгөтэй ойролцоог авах хэрэгтэй. Хэт цагаан өнгө тохиромжгүй. Монголчууд өөрсдөө бор арьстай байж цагаан өнгөнд дуртай.Бор царайн дээр цагаан өнгө тавьчихаар зэвхий саарал болдог. Тэгэхээр цагаан өнгөнөөс татгалзаад өөрийнхөө байгалиас заяасан арьсны өнгийг тодотгож өгөх хэрэгтэй.
Дараа нь make up base, primar. Үүнийг Монголчууд огт хэрэглэдэггүйгээсээ болоод пудрийн хор тайлах массажны үйлчилгээ дэлгэрлээ. Суурь тосныхоо араас шууд крем, нунтаг пудр түрхсэнээс болоод хор нь арьс руу нэвчиж ордог. Base, primar хэрэглэдэг хүний ялгаа нь тэр пудр, кремний хорыг арьс руу орохоос хамгаалдаг давхарга үүсгэдэг. Эдгээрийг хэрэглэхэд олон жил будсаны улмаас арьсны өнгө гундах асуудал байхгүй болдог.
-Манай бүсгүйчүүдийн хувьд баяр ёслолын төдийгүй өдөр тутмын нүүр будалтандаа гаргадаг түгээмэл алдаа нь юу вэ?
-Анзаараад байхад бүсгүйчүүд маань гоёлын будалтандаа маш их алдаа гаргасан байгаа харагддаг. Мэргэжлийн салоноор будуулах, жирийн газраар будуулах, өөрөө будах зэрэг нь эрс ялгаатай.
Нэгдүгээрт, мэргэжлийн хүн тухайн үйлчлүүлэгчийн нүүрний өө сэв, гажигийг маш сайн олж харж, түүнийг нь дарж өгдгөөрөө онцлог.
Хоёрдугаарт, энгийн хүмүүс өөрсдийгөө будахаар нэг бол хэтрүүлж буддаг, нэг бол маш бага буддаг. Хэтрүүлж будахаараа маш их асуудал гаргадаг. Сүүлийн үед гэрэл сүүдэр гэдэг зүйл моодонд орчихлоо. Нүүрээ жижигхэн болгодог арга гээд хүмүүс бүгдээрээ мэддэг мөртлөө төдийлөн зөв хийж чаддаггүй. Үүнээсээ болоод "халтар" болчихсон хүн ч байж л байдаг.
Хамар өндөрлөнө гээд хиймэл хамартай ч юм шиг эсвэл нэг зураас тавьчихсан явж байдаг. Мөн хацар өнгөлөхдөө хэт тод улаан, ягаан болгодог гэх мэтчилэн будагныхаа донжийг тааруулж чадаагүй байгаа харагддаг. Бас нүднийхээ өнгийг хэт тод тавьснаар тухайн хүний харц илт өөрчлөгдөж хэт ширүүн харцтай болдог.Энэ мэтээр будгийг хэт их эсвэл буруу тавьснаас болж хүний төрх их өөчлөгдөж харагдана. Мэдэхгүйгээсээ болоод буруу будсан байгаа хүмүүсийг харахаар хэлээд өгчихмөөр санагддаг юм.
-Будаг сонголтын хувьд?
-Хүмүүс ойлголт муутайгаасаа болоод буруу будаг сонгодог. Дээрээс нь манай гоо сайхны дэлгүүрийн худалдагчид нүүр будалтын талаар ойлголт байхгүй, будгаа мэддэггүй, тухайн үйлчлүүлэгч өнгө сонгох гэж байхад зөвлөгөө өгч чаддаггүй гэдгээс хамаараад Монголчуудын ерөнхийдөө хэрэглэдэг өнгө нь бор болчихоод байгаа юм.Уг нь худалдагчид өөрсдөө маш гоё өнгө зөвлөж чадвал магадгүй тэр хүнд тус болж чадна. Түүнээс гадна гоо сайхны дэлгүүрүүдийн худалдагчид мэдлэггүйгээсээ болоод бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаа. Нөгөө талаас үүнээс болоод хэрэглэгчдийн өнгө сонгож байгаа хандлага ийм баригдмал болчихсон.
Ярилцсанд баярлалаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ