Зам тээврийн ослоор 8 хүүхэд нас баржээ

Замын цагдаагийн газраас жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргиилэх өдөр” болгон зарласан. Эл өдрийг гурав дахь удаагаа “Замын аюулгүй байдлын үндэсний төв”, “Нийслэлийн эрүүл мэндийн төв”-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн үйл ажиллагааны цуваанд “Land cruiser” авто клуб, “One Life” мото клубын залуус нэгдэж буйгаар онцлогтой аж.
Авто болон мото клубын залуус, зам тээврийн ослын эсрэг уриалгыг дэмжин Нийслэлийн төв замаар цуваа болон явсаар “Хүннү молл” цогцолборыг хүрэх юм байна. Тус цогцолборт “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийн арга хэмжээ 13.00 цагт эхэлнэ. Арга хэмжээгээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, хүүхдүүдийн дунд уралдаан, тэмцээнийг зохион байгуулах аж.
Сүүлийн зургаан жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэж 6295 хүүхэд осолд өртжээ. Мөн хугацаанд зам тээврийн ослоор 250 хүүхэд амь насаа алдаж, 69045 хүүхэд гэмтэл авснаас, 1131 нь хүндэвтэр, хүнд гэмтсэн байна. 2014 оны судалгаагаар зам тээврийн ослоор 48 хүүхэд нас барсан бол 2015 онд 54 болон нэмэгджээ.
Өнгөрсөн оны байдлаар Нийслэлийн хэмжээнд зам тээврийн 979 осолд гарч 1010 хүүхэд осолд өртсөн байна. Улмаар 12 хүүхэд нь амиа алдаж, 998 хүүхэд гэмтсэнээс, 134 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авчээ. Орон нутагт Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Төв аймагт зам тээврийн ослоор хүүхэд хамгийн их амиа алдсан бол Нийслэлд Баянзүрх дүүрэгт олон бүртгэгджээ.
Харин энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 8 хүүхэд нас барж, 37 хүүхэд хүндэвтэр, гэмтэл авсан байна. Нас барсан хүүхдийн нэг нь Нийслэлд, үлдсэн тохиолдол нь хөдөө, орон нутагт гарчээ. Иймд Замын цагдаагийн газраас хөдөө, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зориулалтын, стандартаар тээвэрлэхийг анхааруулж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ