Нийслэлийн АН өнөөдөр баяраа тэмдэглэж байна. “Улаанбаатарын хавар” хэмээн энэ арга хэмжээнд тус намын 7000 гаруй гишүүн оролцож байгаа юм. Баярын арга хэмжээн дээр УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үг хэлсэн үгэндээ:
- “Бид амжилт алдаа оноогоо шүүн хэлэлцэж байна. АН 2012 онд нийслэлд үнэмлэхүй, орон нутагт 12 намд олонх болсон нь иргэд бидэнд итгэсний илрэл юм. АН ухрагч биш санаачлагч, үргэлж анхдагч байж ирсэн. АН-ын санаачилж ирсэн олон ажлаас ганц жишээ татъя. Манай нам эрх барьж байх үедээ орон сууцны ипотекийн зээлийн найман хувийн хүүтэй зээлийг олгож, өнгөрсөн хугацаанд 78 мянган иргэнд зээл олгоод байна. Улс, нийслэлийн түүхэнд олон ажлыг эхлүүлж чадлаа. 2013-2015 онд АН-ын олонх болсон үед маш олон км автозам тавьж, өргөтгөл хийжээ. Энэ нь өнгөрсөн хугацаанаас дөрөв дахин бага хугацаанд 4 дахин их ажлыг хийсэн гэсэн үг юм хэмээлээ.
Арга хэмжээний хүрээнд НИТХ-ын сонгуулиар хүлээсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт, зам, хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, нэг цэгийн үйлчилгээ, цахим газар олголт гэх зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэл, бодит ажлуудын талаар ардчилсан асуулга сонсголын аяныг өрнүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн АН энэхүү баярыг угтан Улаанбаатар хотод 2012 оноос хойш хийсэн ажлуудаа гишүүд, дэмжигчдээрээ үнэлүүлж дүгнүүлэх, өөрчлөлтөө үргэлжлүүлэх шинэ даалгавар авахаар асуулга, нээлттэй тайлангаа танилцуулж байна. Тодруулбал, нийслэлийн 320 гаруй мянган иргэнээс санал авчээ. Нийт есөн ажлыг иргэдээс асуусан байна.
Улаанбаатар хотод оршин суугаа АН-ын гишүүд, дэмжигчдийн авсан санал асуулгаас түүвэрчилж үзэхэд “Нийслэлд хийсэн ажлуудаас алийг нь илүү үнэлж байна вэ” гэсэн асуулгад олонх нь “Гудамж” төсөл, авто замын шинэчлэл, түгжрэл бууруулах цогц арга хэмжээ, гэр хорооллын дахин төлөвлөлт, “Түрээсийн орон сууц”, Ухаалаг карттай, нийтийн тээврийн шинэчлэл, Авлигагүй Улаанбаатар, төрийн үйлчилгээний нэгдсэн төв, хот тохижилт, цэцэгжүүлэлт, “Найрсаг Улаанбаатар” Нийслэлийн аялал жуулчлалыг дэмжих цогц хөтөлбөр, шинэ сургууль, цэцэрлэг, цахим газар олголт гэсэн ажлыг онцолжээ. Дугаарын хязгаарлалт нийслэлчүүдэд хамгийн их таалагдсан ажил гэсэн судалгааны дүн гарсан байна.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл багийн хамт олондоо талархлаа илэрхийлж “Зангидсан гар шиг бүгдээрээ байж чадсан. Хонхны дууг амилуулсан багийнханд баярлалаа. С.Цогтсайханаа санаж өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүлж байлаа. АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах эрхийг бий болгохын төлөө тэмцсэн С.Цогтсайхан, С.Зориг нар маань үүнийг харсан ч болоосой. Тэнгэрийн орноос бүгд харж байгаа байх. 1990 оноос өмнө ийм зүйл ярьсан бол тийм хүнийг галзуу хүн гэж хэлэх байсан. Та бид үүнийг хийж чадлаа. Үүнээс илүү гайхамшиг гэж юу байх юм. Энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын уулзалтыг бид нэр төртэй хийнэ хэмээв.
Н.Нягт