ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ: БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ /ТӨСӨЛ/

img

 

 

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага.

          1.1.Практик шаардлага

 

Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчин, ус цаг уурын нөхцөлийн шууд нөлөөн дор явагддаг онцлогтой билээ. Монгол Улсын нийт газар нутгийн 72.1 хувь нь бэлчээр, хадлангийн зориулалттай газарт хамрагддаг. Хөдөө аж ахуйн салбар нь 2014 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 15% хувийг, үүний дотор мал аж ахуйн салбар нь 80 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэг нь уг салбарт ажиллаж байна. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой энэхүү салбарын хамгийн гол хүчин зүйл болсон бэлчээрийн нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах нь мал аж ахуйн тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Сүүлийн жилүүдэд Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгээс /УУЦУОСМХ/ Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт” төслийн дэмжлэгтэйгээр их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран бэлчээрийн мониторингийн арга аргачлалаа боловсронгуй болгож улсын хэмжээний мониторингийн 1450 цэгийн мэдээллээр  бэлчээрийн төлөв байдлын мониторингийн үндэсний нэгдсэн сан үүсгэсэн байна. УЦУОСМХ нь энэхүү сангийн мэдээлэлд тулгуурлан бэлчээрийн төлөв байдлын тайлан, зураглалаар олон нийтэд үйлчилж эхэллээ.  Бэлчээрийн төлөв байдлын 2014 оны тайлангаас үзэхэд бэлчээрийн мониторингийн сүлжээний нийт цэгийн 65%-ийг төлөөлөх  бэлчээрийн унаган төлөв байдал нь өөрчлөгдөж, тодорхой хэмжээгээр доройтсон байна. Бэлчээр ашиглалтын одоогийн горимыг өөрчилж, бэлчээрийн ачаалал, ашиглалтын эрчмийг  бэлчээрийн зохистой даац, сэргэх чадавхид нь тохируулснаар доройтсон бэлчээрийн 90% ийг  10 хүртэл жилийн хугацаанд сэргээх боломжтойг дээрх дээрх тайланд дурьдсан байна. Харин бэлчээрт ашиглагдах боломжгүй доройтож, байгалийн аясаар эргэн сэргэх чадвараа бүрэн алдаж цөлжсөн бэлчээр 7 орчим хувийг эзэлсэн дүн гарчээ. Энэ нь мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн чадавхийг бууруулах шууд хүчин зүйл болж, ган зуд, бусад эрсдэлд улам эмзэгших ноцтой сөрөг үр дагаврыг дагуулж байгаа төдийгүй биологийн олон янз байдал, нийгмийн амьдралд хохирол учруулахаар байна.

 

Өнөө үед мал аж ахуйн гаралтай хүнс, түүхий эд, бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээр эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эд давамгайлахын хирээр бэлчээрийн мал аж ахуйн хүнс, түүхий эдийн эзлэх хувь багассанаас үнэ нь өсөх хандлага урт хугацаанд үргэлжлэхээр байна. Энэ нь бэлчээрийн мал аж ахуй зонхилсон манай улсын хувьд шинэ боломж төдийгүй харьцангуй давуу талыг бий олгож байгаа юм. Байгалийн бэлчээрээс үйлдвэрлэсэн хүнс нь унаган төрхөө хадгалсан соргог бэлчээрээс бий болно. Тухайлбал, соргог бэлчээрт идээшилсэн малын маханд хүний эрүүл мэндэд амин чухал цэвэршүүлэгч (antioxidant) хангалттай хэмжээнд агуулагддаг. Талхлагдаж, зүйлийн бүрэлдэхүүн нь цөөрч, хог ургамалд идэгдсэн бэлчээрийн малаас үйлдвэрлэсэн хүнсээр олон улсын зах зээлд өрсөлдөх боломжгүй юм. Таанат бэлчээрт идээшилсэн малын махыг царван, шарилжит бэлчээрт байсан малын махтай харьцуулшгүй. Эрүүл бэлчээрээс эрүүл хүнс бэлтгэнэ.

 

Бэлчээр доройтол, малын ашиг шимийн уялдааг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар тогтоосон ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гуравхан  үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр 1 малчин өрхөд 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна. Бэлчээрийн Монгол мал хэрэгцээт тэжээлийнхээ 90-с дээш хувийг байгалийн бэлчээрээс авдаг бөгөөд бэлчээрийн даац хэтэрснээс мал тэжээлийн архаг дутагдалд орж, өвчлөл, хорогдол өсөж, сүү гээд бусад ашиг шимийн алдагдал нэмэгдэх бөгөөд үүнийг тооцвол дээрх тоо бүр өсөх юм. Түүнээс гадна биологийн төрөл зүйлийн амьдрах орчин болдог байгалийн бэлчээрийн унаган төрх алдагдах нь түүний байгаль орчин, аялал жуулчлалын  үнэ цэнийг багасган эдийн засгийг солонгоруулах өөр нэгэн боломжид сөргөөр нөлөөлж байна.

 

Бэлчээрийн даац хэтрүүлж байгаа үндсэн шалтгаан нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” өнөөгийн тогтолцоо юм. Үр шимийг нь өөрөө хүртэх баталгааг нь гаргаж, эрхийг нь хамгаалсан цагт л газартаа өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаг зах зээлийн эдийн засгийн суурь хөшүүрэг энэ тогтолцоонд үйлчлэхгүй байгаа хэрэг. Харин үүний эсрэгээр маргааш хэнийх болох нь тодорхойгүй учраас "хүний юманд нугасгүй" гэдэг шиг өнөөдөртөө л дээд зэргээр “цөлмөн” ашиглах хөшүүрэг үйлчилж байна. Иймд бэлчээрийг өмчлөгч- төр болон ашиглагч-малчин хоорондын харилцааг тодорхой болгон, бэлчээрт өөриймсөг хандах нөхцөлийг бүрдүүлж, түүнийг зохистой ашиглах харилцааг өмчлөгч, ашиглагчийн эрх, үүрэг, хариуцлагаар зохицуулах шаардлага тулгараад байна. Гэрээгээр ашиглуулахын үндсэн зорилго нь өнөөгийн урсгалаараа явагдаж байгаа ашиглалтыг халж, бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын үед орох нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлдэг болгоход чиглэнэ. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулснаар шинээр газрын эрх олгох биш харин одоогийн ашиглаж байгаа бэлчээрийг нь баталгаажуулах замаар тухайн бэлчээрийг ашиглагч  малчин өөрөө түүнийг зүй зохистой ашиглагч-хамгаалагч байх үндсэн зарчмыг хэрэгжүүлэх зохицуулалтыг бий болгох юм. Цаг агаарын хэвийн нөхцөлд малчин өрх бүрийн одоогийн ашиглаж байгаа 4 улирлын бэлчээрийг гэрээгээр ашиглах, цаг хүндэрсэн үед ордог нөөц нутгийг баталгаажуулах эрх зүйн орчныг баталгаажуулах тул элдэв зөрчил маргаан бага гарна.

 

Бэлчээрийн мал аж ахуйн зохион байгуулалтын уламжлалт нэгж нь хот айл юм. Хот айлын гишүүн өрхийн өмчлөл нь тусдаа боловч малын хариулга, бэлчээр ашиглалт нь нэг байдаг. Өөрөөр хэлбэл бэлчээрийг хамтран ашиглаж байгаа хамгийн бага нэгж нь хот айл бөгөөд энэ нь өвөл-хаврын бэлчээрт голлон ажиглагдана. Түүний хажуугаар саахалт айл, нэг гол, усныхан зэрэг бэлчээр, усаа хамтран ашиглаж ирсэн арай том хэлбэрүүд нэн ялангуяа зун-намрын бэлчээрт байна. Эдгээр уламжлалыг харгалзан зун-намрын бэлчээр хамгийн их талхлагдаж байгаа талаарх судалгааны дүнд үндэслэн уламжлалт мал аж ахуй эрхлэгч  малчин өрхийг хот айл, саахалтаар нь бүлгийн зохион байгуулалтад оруулан бэлчээрийг гэрээгээр ашиглуулан хариуцуулах зайлшгүй шаардлага байна. Нөгөө талаар хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангахын тулд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, ийм зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд бэлчээрийг урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай байна.

 

Орчин үед хөгжлийн гол хөдөлгүүр нь технологийн дэвшил, инноваци юм. Тэгвэл манай мал аж ахуйн салбарын хөгжил зогсонги болсны үндсэн шалтгаан нь бэлчээрийг нийтээр дундаа ямар нэг хариуцлага хүлээлгүй ашигладгаас малчид малын тоог өсгөхөөс биш технологийн дэвшил нэвтрүүлэх, бэлчээрээ хамгаалах, мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй болсонд оршино. Үүнд малчид, мал  буруугүй, харин үүнийг урамшуулах сонирхлын хөшүүргийг нь бий болгоогүй төрийн алдаа юм. Төр алдаагаа цаг алдалгүй засах шаардлагатай байна.

 

Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах нь олон улсын хүлэмжийн хийн зах зээлээс малчид ашиг хүртэх анхны алхам болох юм. Учир нь хүлэмжийн хийн бууралтыг худалдан авагчдын зүгээс худалдагч этгээдийн ашиглаж буй газрын хил зааг, ашиг хүртэгч эзэн нь нэн тодорхой байхыг эн тэргүүнд шаарддаг байна. Харин бэлчээрийг нийтээр дундаа ашиглаж байгаа нөхцөлд энэ шаардлагыг хангахгүй юм. 2015 онд Парис хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 21 дүгээр Талуудын Бага Хурлын өндөр дээд хэмжээний хуралдаан оролцон Монгол Улс 2030 он хүртэл малын тоог бэлчээрийн байгалийн даацад тохируулан барих, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар нүүрсхүчлийн хийн  шингээлтийг жил бүр 29.0 сая тонд барих амлалтыг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарын үйлдвэрлэж байгаа  нүүрсхүчлийн хийн 1/3 тэй тэнцэх хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбараас үйлдвэрлэж байгаа нүүрсхүчлийн хийн 1/3-ийг бэлчээрийн менежментээ сайжруулах замаар шингээх юм.

 

          1.2.Хууль зүйн үндэслэл                      

 

“Дэлхий дахины тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т “Хүн ардад газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх замаар тэдний зүгээс газар ашиглалтад хийх хөрөнгө оруулалтыг дэмжиж, байгалийн баялаг, нөөцийг зөв зохистой ашиглахыг урамшуулах үүднээс газартай харьцдаг хүмүүст илүү эрх мэдэл, үүргийг Засгийн газарт олговол зохино” гэсэн нь манай орны бэлчээрийн нөөцийг зөв зохистой ашиглах, эзэмших бодлогыг тодорхойлох шаардлагыг нөхцөлдүүлж байна.

 

Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай болон бусад хуульд бэлчээрийн газрын харилцааг зохицуулсан тодорхой заалтууд байгаа боловч өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бэлчээрийн газартай холбоотой асуудлуудыг бүрэн зохицуулж чадахгүй байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал /2010/,“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” /2001/, “Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого” /2008/, “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”/2008/, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”/2009/, “Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” /2010/, “Монгол мал” үндэсний хөтөлбөр /2010/, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” /2015/ зэрэг бодлогын баримт бичгүүдэд бэлчээрийн газрын харилцааг зохицуулсан бие даасан хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага байгааг тус тус тусгасан.

 

Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын   3.5.2.2-т “Бэлчээр ашигласны төлбөр тогтоох, эзэмшүүлэх, хамгаалах болон нөхөн сэргээх хариуцлага хүлээлгэх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлчээрийн одоогийн төлөв байдал, цаашдын хандлагад суурилсан бэлчээрийн даацыг бүс нутаг бүрээр шинэчлэн тогтоож малын тоо толгой, төрөл, сүргийн бүтцийн зохистой харьцааг хангана”, 3.5.2.3-т “Бэлчээрийн нөөц газар, ..-ыг улсын тусгай хамгаалалтад авч тал хээрийн эмзэг бүс нутгийн хөрс, ургамал өөрөө нөхөн төлжих боломжийг бий болгох”, 3.5.2.5-т “Бэлчээрийн мал аж ахуй, малчдын ахуй амьдралд шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, уламжлалт сэтгэлгээ, арга хэвшлийг сэргээж, хурдацтай явагдаж байгаа экосистемийн өөрчлөлтийг мэдэрч түүнд тохирсон, дасан зохицсон амьдралын хэв маяг, аж ахуй эрхлэх менежментийн арга барилыг боловсруулж заан сургах, туршин нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон нийтэд хүргэх сургалт, сурталчилгааг өргөжүүлнэ” гэж;

 

-Монгол Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх”, “эрчимжсэн мал аж ахуйд тэжээл тариалах зориулалтаар тариалангийн газрыг ашиглуулах”, “бэлчээр болон байгалийн бусад нөөцийн зохистой ашиглалт, бэлчээрийн газар зохион байгуулалт, төлөвлөлт, удирдлагын тогтолцоог сайжруулах, отрын бүс нутаг, нөөц бэлчээрийг нэмэгдүүлэх”, “бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийг оновчтой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэх арга хэмжээг байгаль орчинд халгүй, дэвшилтэт арга технологи ашиглан өргөжүүлэх”, “бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, цас борооны ус тогтоох, усан сан, нуур, хөв, цөөрөм байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах малчид, иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих” гэж заасан.

 

Иймд бэлчээрийн доройтол, талхлагдалд нөлөөлж байгаа  шалтгааныг арилгах, нөлөөллийг нь сааруулахад мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийг зах зээлийн нөхцөлд зөв зохистой ашиглах, хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад   бэлчээрийн сэргэх чадавхид менежмент төлөвшүүлэх эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

 

Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа

 

          Хуулийн төсөл нь зорилт, нэр томъёо, бэлчээрийн талаар төрөөс баримтлах зарчим, бэлчээрийн ангилал, бэлчээр ашиглуулах, бэлчээрийн удирдлага, санхүүжилт, бэлчээрийн холбогдолтой маргаан шийдвэрлэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан бусад зүйл гэсэн бүлгүүдтэй байх ба дараахь харилцааг зохицуулахаар тусгана. Үүнд:  

          1/Төслийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилтыг бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах гэж томъёолон, “бэлчээр”, “бэлчээрийн даац”, “бэлчээрийн ачаалал”, “отрын бэлчээр”, “дамжин өнгөрөх бэлчээр”, “малчин өрх”, “малчдын бүлэг” гэсэн нэр томъёонуудыг хуульчлан тодорхойлно. Энэ бүлэгт бэлчээрийг нэг нутаг, усны малчдын оролцоонд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж, зохион байгуулах, бэлчээрийн даацад тохируулан малаа өсгөх, бэлчээрийн сэргэх чадавхийгг дэмжсэн зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, бэлчээрийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглуулах, бэлчээрийг ашиглаж ирсэн малчдын уламжлалт эрхийг хамгаалах зэрэг суурь зарчмыг тусгана.

 

2/Хуулийн төслийн 2 дугаар бүлэгт бэлчээрийг уламжлалт мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалттай бэлчээр гэж ангилна. Улмаар уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалттай бэлчээрийг гэрээгээр ашиглуулах ба нийтээр ашиглах бэлчээр гэж ангилан, отрын нөөц нутаг болон дамжин өнгөрөх бэлчээр, байгалийн тогтоцоор бий болсон гол, горхи, нуур, цөөрөм, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглах бэлчээрт хамааруулахаар тусгана.

 

Уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалттай бэлчээрийг өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны бэлчээр гэж хуваарилан нэг нутаг бэлчээрт оршин суух малчдын бүлэг /нэг нутаг, усныхан/-т гэрээгээр ашиглуулахаар заана. Түүнчлэн байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас өөр аймаг болон сумын нутаг дэвсгэрт нүүдэллэх шаардлага гарвал тухайн шатны Засаг дарга нар уг асуудлыг бэлчээрийн даацад нийцүүлэн хэлэлцэн шийдвэрлэх, харин сум дотроо нүүдэллэх шаардлага гарвал малчдын бүлгийн гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийн даацад тохируулан бусдын мал оруулах асуудлыг гэрээнд тусгасны дагуу харъяалах сумын Засаг дарга тус тус шийдэхээр тусгана.

 

Сум, дүүргийн Засаг даргад  нийтээр ашиглах бэлчээрт мал оруулах хугацааг товлох, хэрэгжилтийг зохион байгуулах, бэлчээрт  шинээр өвөлжөө, хаваржаа, малчин өрхийн гэр, сууц болон малын хашаа, саравч барих шийдвэрийг гаргах эрхийг олгоно.

Монгол Улсын нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувь нь отрын бэлчээр байх ба аймаг дундын отрын  бэлчээрийн талбайн хэмжээ, заагийг  Засгийн газар, сум дундын отрын бэлчээрийн хэмжээ, хилийн заагийг аймгийн Засаг дарга, сумын отрын бэлчээрийн хэмжээ, хилийн заагийг сумын Засаг дарга тус тус тогтоох, харин аймаг дундын отрын бэлчээрийг бий болгох,түүнийг ашиглах журмыг Засгийн газар, орон нутгийн чанартай отрын бэлчээр бий болгох, түүнийг  ашиглах нийтлэг журмыг бэлчээрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  батлахаар тусгана.

 

Энэ бүлэгт улсын чанартай дамжин өнгөрөх бэлчээрийг улсын чанартай мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийг дайруулан Засгийн газар, орон нутгийн чанартай дамжин өнгөрөх бэлчээрийг орон нутгийн чанартай төв замыг дайруулан аймгийн Засаг дарга байгуулахаар тусгах ба тэдгээр бэлчээрийг ашиглах нийтлэг журмыг бэлчээрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батлахаар хуульчилна.

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалттай бэлчээрийн хэмжээг тодорхойлох норм, нормативыг малын төрөл, ашиг шим, тэжээлийн хэрэгцээг харгалзан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоохоор мөн бүлэгт тусгана.

 

3/Төслийн 3 дугаар бүлэгт уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар бэлчээрийг малдын бүлэг, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр ашиглуулах, тэдгээрт бэлчээрийг ашиглуулах нөхцөл, болзол, гэрээгээр ашиглуулах бэлчээрт тавигдах шаардлага зэргийг тусгана. Түүнчлэн энэ бүлэгт малчдын бүлэг, эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг бэлчээрийг ашиглах хүсэлтийг шийдвэрлэх, гэрээ байгуулах, сунгах, цуцлах, бэлчээрийг чөлөөлөх, бэлчээр ашиглагчийн эрх, үүрэг, бэлчээрийг ашиглахад хориглох зүйл, малчдыг мэдээллээр хангахтай холбогдсон зохицуулалтыг тусгана. Уламжлалт мал аж ахуй эрхлэх зориулалтаар гэрээгээр ашиглуулах хугацааг 15-аас, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглуулах хугацааг 40-өөс тус тус доошгүй жил байхаар тогтооно. Энэ бүлэгт хүсэлт гаргасан малчдын бүлгээс тухайн бэлчээрийг хамтран ашиглах талаарх гэрээ, дүрэмтжэй байх ба хөрш зэргэлдээ орших малчидтай зөвшилцсөн байх зэрэг шаардлагыг хангасан байхыг хуульчилна.

 

          4/Төслийн 4 дүгээр бүлэгт бэлчээрийн зохистой ашиглах, хамгаалах ажлыг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий бэлчээрийн ашиглалтын асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд байх, түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааг заана. Энэ бүлэгт сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал тухайн жилийн бэлчээр ашиглалтын  төлөвлөгөөг хэлэлцэж батлах, энэ төлөвлөгөө нь сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн байхаар хуульчилна. Мөн бэлчээр, түүний ашиглалт, хамгаалалт, төлөв байдал, чанарын мэдээллийн санг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран бүрдүүлэх, шинэчлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулахаар тусгана.

5/Төслийн 5 дугаар бүлэгт бэлчээрийг зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалахад чиглэгдсэн менежментийг төлөвшүүлэх нэг хөшүүрэг болгож хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой тусгана. Мөн бэлчээрийг ашиглахтай холбогдон гарсан аливаа маргааныг шийдвэрлэх, бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг хуульчилна.

 

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч  болох нийгэм,

эдийн засгийн үр дагавар

 

Бэлчээрийг ашиглах, хамгаалах гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлагыг  нарийвчлан зохицуулснаар бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалахад чиглэгдсэн Монгол орны өвөрмөц нөхцөлд тохирсон бэлчээрийн менежментийг төлөвшүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ:

          Бэлчээрт өөриймсөг хандаж, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, хөрөнгө хүч зарж хамгаалах сэтгэлгээ төлөвшин, малын тоог өсгөх биш харин харин эдийн засгийн эргэлтэнд оруулан борлуулах, ашиг шим, чанарыг эрхэмлэх сэтгэлгээ бий болно.

 

          Бэлчээр ашиглалтыг зөвхөн бэлчээрийн тэжээлийн нөөц, хүрэлцээнд чиглүүлж, бэлчээрийн тэжээлийн чанарын талыг харуулдаг төлөв байдлын менежментийг орхигдуулж ирсэн алдааг засна.

 

          Бэлчээр ашиглах хүрээнд хуулийн засаглалыг нэвтрүүлж, хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр сууриас үл хамааран малчин өрх бүр улирлын болон отрын бэлчээртэй байх, бэлчээрээ ашиглах эрх хөндөгдсөн тохиололд хохирлоо нөхөн төлүүлдэг нийгмийн тэгш шударга ёс хангагдана.

 

          Бэлчээрийн ангиллаас бусад ангилалд шилжихэд малчид, нутгийн захиргаа, мал аж ахуйн салбарын эрх ашгийг зохистой харгалздаг нөхцөл бүрдэнэ.

 

          Монгол орны байгалийн бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалж, байгалийн бэлчээрийн малын гаралтай хүнс, түүхий эд, бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөж, эдийн засгийг солонгоруулах гарцыг нээх, эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэн өссөн нэмэгдэж байгаа дотоодын болон экспортын хэрэгцээг хангах боломж бүрдэнэ.

   

Бэлчээрийн асуудал эрхэлсэн яам, агентлаг, орон нутгийн иргэдийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Малчдын үүсгэл санаачлагад тулгуурласан байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, тэдний хамтран  ажиллах орчинг бий болгож, тэдний зүгээс бэлчээрт хөрөнгө оруулах идэвхи санаачлагыг өрнүүлэх, урамшуулах хөшүүрэг бий болно.

         

Дэлхий нийтийн хөдөө аж ахуйн хөгжлийн чиг хандлагын дагуу эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжих орчин бүрдэж, мал сүргийн чанар сайжрах, малын төрөл хоорондын зохистой харьцаа тогтох, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой байх болно.        

 

Мал аж ахуйн бүтээгдэхүүний олон улсын зах зээлд гарах боломж, өрсөлдөх чадвар сайжирна. Малаа мөнгөн хуримтлал болгох, малын чанарыг дээшлүүлэхийн ач холбогдол, өгөөжийг илүү дээгүүр тавьж хандсан аливаа бодлого, үйл ажиллагаа өргөжинө.

 

         Бэлчээрийг нийтээр ашиглаж байгаа одоогийн хэлбэрийг харьцангуй энгийн, хялбархан аргаар өөрчилж, ачааллыг бууруулснаар бэлчээрийг хамгаалж, сайжруулах бүрэн боломж бүрдэж, бэлчээрийн доройтлыг цаг алдалгүй сааруулах боломж бүрдэнэ.

 

Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг нэвтрүүлснээр бэлчээрийн төлөв байдлыг мэдэгдэм сайжруулж чадна.

 

Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалт нь холбогдох мэргэжилтнүүд болон малчдад бэлчээр ашиглалттай холбоотой аливаа тулгамдсан асуудлуудыг зөв төсөөлж, орон нутгийн түвшинд малчдын бүлэг болон сумын захиргаагаар дамжуулан шийдвэрлэх арга замыг авч хэрэгжүүлэх боломжийг олгоно.

 

Дөрөв. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай

хэрхэн уялдах түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид

боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй

болгох хуулийн төслийн талаарх санал

 

          Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, үзэл санааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах түвшинд боловсруулагдсан болно. Энэ хуулийн төслийн боловсруулсантай холбогдуулан Газрын тухай  хуульд бэлчээрийн харилцаатай холбоотой зүйл, заалтад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулна.

 

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баас:
Гадны лобби байна ш дээ новш гадныхан дандаа ийм тийм хөгжлийн агентлаг нэрээр хогийн юм хийнэ
2016-04-29
Зочин:
ДӨРВӨН ЦАГИЙН АЯСААР ДУРААР НҮҮХ НУТАГТАЙ юмсан
2016-04-18
Хэрлэн:
Монгол газар нутгийн 73 орчим хувь нь бэлчээрийн зориулалтаар ашиглагддаг. Хэрэв бэлчээрийг эзэмшүүлээд эхэлбэл монголчууд хоорондоо бэлчээрээ булаалдаад тэмцэлдэнэ. Бидний эв нэгдлийг үгүй хийх санааг ХЭН зааж өгөөд байна аа. Хүлэмжийн хийн зах зээлээс мөнгө авна ч гэх шиг. Энэ мөнгөнөөс илүү бидэнд эв нэгдэл хэрэгтэй байх аа.
2016-04-15
Зочин:
монгол улсыг үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах зүйл бол энэ газар болон билчээр хувьчлах явдал. үүнд hoy dkluky gyhggjgh htjtumta
2016-04-14
Zochin.:
Amjilt husye.
2016-04-13
Irgen:
Бэлчээр хуваагаад жинхэнэ утгаараа өөр хоорондоо дайсагнахын эх үндэсийг тавих гэж байгаа юм байна даа. Энэ маш аюултай шүү. Хаяанд байгаа Өвөр Монголд юу болсныг очоод харах хэрэгтэй. Харин малын тоо толгойн, ялангуяа ямааны сүрэгт эзлэх зохистой харьцааг л бий болгох хэрэгтэй.
2016-04-12
Зочин:
Хонь-80 байвал ямаа 20 байдаг болгое! Ямаа бэлчээр талхиж гуйцлээ. ОДОО БОЛЬЕО ОО МАЛЧИД АА!
2016-04-11