Нийслэлд зургаан цэгт нисдэг тэрэгний буудал байгуулна гэв

Зам тээврийн яамны шуурхай хуралдаан өглөө 07.30 цагаас болж хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, Өнгөрөгч амралтын өдөр болсон Иргэний нисэхийн салбарын хөгжлийн хэлэлцүүлгийн үеэр Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, холбогдох хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хэд хэдэн чухал саналууд гарсан.

Нийслэл хотод нисдэг тэрэгний буудал барих боломжтой 18 газар байгаа бөгөөд АСЕМ-аас өмнө зургаан газарт бага оврын нисдэг тэрэг хөөрч буух буудал байгуулах шийдвэрийг мөн энэ өдрийн хуралдаанаар гаргажээ. Цаашид боломжит газруудад нисдэг тэрэгний буудлыг үргэлжлүүлэн тохижуулахаар болсон байна.
Өнгөрөгч долоо хоногт агаарын тээвэр, авто тээвэр, төмөр зам, авто замын салбарын инженер, боловсон хүчин, мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, аюулгүй ажиллагааны дүрэм журам, шинэ техник технологитой харилцан танилцсан долоо хоног өнгөрчээ.
Түүнчлэн, энэ сарын 18-нд орон даяар зам барилгын ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх бөгөөд зургаан газраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулалт хийх аж. Энэ үеэр Зам тээврийн яам бүх салбарынхаа ажлыг тайлагнах аж. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд зам барилгын ажлын талаар М.Зоригт сайд мэдээлэл хийх гэнэ.
Өнөөдрөөс эхлэн Тээврийн дээд сургуулийн удирдлага Сайдын шуурхайд сууж эхэлсэн бөгөөд салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, гадаадын ижил төстэй их дээд сургуультай хамтран ажиллах, тус дээд сургуулийн УБТЗ-ын харьяа салбар нэгж байгаа асуудлыг ОХУ-ын талтай ярьж шийдвэрлэхээр болсон зэрэг чухал чухал шийдвэр гаргаж, мөн салбарынхаа ажилтай танилцсан байна.
Б.Тогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ