Залууст нэр дэвших квот тогтооно

УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт өргөн хүргүүлжээ. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа талаар УИХ-ын Л.Болдоос тодруулсан юм.
-Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар санал тусгасан бол?
-Миний оруулж байгаа санал, өөрчлөлт бол залуучуудын оролцооны асуудал юм. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн квотод залуучуудын эзлэх хувийг зааж өгөх юм. Хамгийн багадаа залуучуудын квотыг 20 хувиар тогтоох саналыг оруулж байна. Олон улсын парламентийн холбооны 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гаргасан. Манай улсын нийт иргэдийн 80 гаруй, сонгогчдын 50 гаруй хувь нь залуучууд байдаг. Гэтэл манай улс парламентдаа төлөөлөлгүй улс орнуудын нэг болж байна шүү дээ. Тиймээс бид улс төрөө цэвэрлэж, залуужуулах хэрэгтэй.
-Залуучууд угаасаа хангалттай нэр дэвшиж байгаа гэж хараад байна л даа.
-31 нас хүрсэн залуучуудыг дэлхийн жишгээр парламентад сонгосон хувь хоёр хувь байна. Гэтэл манай улс 0 хувь байна шүү дээ. Залуучууд нэр дэвших шатанд маш бага квоттой байна гэсэн үг. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр нэр дэвшиж байгаа хүний таван хүн тутмын нэг нь залуу хүн байхыг тусгасан.
-Залуус гэдгийг хэдэн нас гэж тооцож байна вэ?
-30-аас доош насыг хэлж байна. Шинэ цаг үеийн бүх мэдрэмжийг гаргаж чадах нас юм. Залуучуудад боломж бололцоог нь нээгээд өгөх хэрэгтэй. Залуучуудад парламентад сонгогдох эрхийг нь нээж өгөх хэрэгтэй.
-Үндсэн хуульд ямар өөрчлөл оруулахаар яригдсан бол?
-Мэдээж яригдана. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 насандаа авсан бол саналаа өгөх боломжгүй байгаа. Энэ асуудлыг бид цаашдаа ярих болно. Энэ тухай ард түмнээсээ асууж 16 настнуудын эрхийг нээх ёстой.
-Сонгуулийн хуулийг өөрчлөх боломж байгаа юу?
-Шинэ хуулийг өөрчлөх бүрэн боломжтой. Одоо нэмэлт өөрчлөлт оруулах гурван ч хуулийн төсөл яригдаж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ