Х.Баттулгын хувь эзэмшдэг компаниудад нэгжлэг хийлээ

Тусгайгийнхан Х.Баттулгын өрөө рүү дайрч оржээ
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон шуугиан ид өрнөж байна. Дөнгөж сая тусгайгийнхан Х.Баттулгын Баянгол зочид буудал дахь албан өрөө рүү дайрч орсон гэх мэдээлэл байна. Ямар асуудлаар гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Үүнээс гадна Х.Баттулгын ойрын хоёр хүнийг баривчилсан гэх мэдээлэл бий. Гэхдээ хэнийг, хэзээ баривчилсан гэдэг нь мөн л тодорхойгүй байна.
Өнөөдөр хуралдсан АН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулга нэлээд "ширүүн" байсан гэх мэдээлэл бий. Тэрбээр "Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж ойлгосон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм" хэмээн нэлээд ширүүн дуугарсан сурагтай. Асуудал цаашид даамжирвал Засгийн газрыг унагаана гэх сануулгыг намынхандаа өгсөн гэнэ.
М.Зоригт, Э.Бат-Үүл нар Баянгол зочид буудал руу нэвтэрлээ
УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудалд дахь өрөөг хууль хяналтынхан нэгжиж буй талаар бид мэдээлсэн. Гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд одоогоор УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Г.Уянга, хотын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын даргын зөвлөх Байгальмаа, олимпийн аварга Н.Түвшинбаяр, их аварга Д.Дагвадорж нар Баянгол зочид буудал руу нэвтрээд байна.
Б.Гарамгайбаатар: Харах гэж ирлээ
УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудал дахь өрөөнд тусгай, цагдаагийн албан хаагчид нэгжлэг хийж байна. Ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд дөнгөж сая УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Баянгол зочид буудал дээр ирлээ. Тэрбээр ямар ч мэдээлэлгүй байгаа учраас тайлбар хийх боломжгүй гээд "харах гэж ирлээ" гэв.
Харин Х.Баттулгын охин Б.Намуун "Энэ бол сонгуулийн шоу. Зүгээр нэг албан байгууллагад нэгжлэг хийх бол тусгайгийнхан ингэж ирэхгүй. Баривчлах юм шиг байна" гэлээ.
Ж.Батзандан: Баривчилгаа хэрээс хэтэрлээ
УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд тусгай, цагдаагийн байгууллагын албан хаагчид нэгжлэг хийж байна. Баянгол зочид буудал дээр УИХ-ын гишүүд болон жүдо бөхийн тамирчид ирээд буй. Дөнгөж сая УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан ирлээ. Тэрбээр:
"Өргөдлийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд хууль бусаар нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хяналтынхан нэгжлэгийг яаж хийдэг, хүний эрхийг дээдэлж байна уу, зөрчиж байна уу гэдгийг нүдээрээ харахаар ирлээ. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа, баривчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрч байна. Өдөр болгон нэг баривчилгаа хийдэг болсон. Монгол орон бол ардчилсан орон. Аливаа хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, хүний эрхийг дээдлэх зарчмын хүрээнд явах ёстой. Тиймээс би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд нөхцөл байдалтай газар дээр нь танилцахын тулд хүрэлцэн ирээд байна" гэв.
ЦЕГ: Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй
УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудал дахь албан өрөөнд хууль хяналтынхан нэгжлэг хийж буй тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байна.
Тэгвэл ямар ажиллагаа явагдаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас шуурхай мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" компанид эрүүгийн хуулийн дагуу санхүүгийн албан ёсны шалгалт хийж байна. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд нэгжлэг хийж, түүнийг баривчлах гэсэн зүйл байхгүй. Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоо байхгүй гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөв.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Б.Баатархүү: Хуулийн дагуу санхүүгийн нэгжлэг хийж байна
Хуулийн байгууллагынхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг хоёр компанийн санхүүгийн баримтад шалгалт, нэгжлэг хийж байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр:
"ЦЕГ-аас болж байгаа үйл явдалтай холбогдуулан тайлбар өгч байна. Шинэ төмөр зам төсөл болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-иудын санхүүгийн бичиг баримтад үзлэг шалгалт хийх шаардлага гарсан. Дээрх хоёр компани Баянгол зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Баянгол зочид буудалд очиж, Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-иудын санхүүгийн баримт үзлэг нэгжлэг хийж байна. Үзлэг, нэгжлэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй, хөндлөнгийн гэрчийг байлцуулан явуулж байгаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж тусгайгийнхан очсон гэсэн ташаа мэдээлэл гарч байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу нэгжлэгийг саадгүй явуулах, мөрдөн байцаалтад хүндрэл учруулахгүй байх үүднээс цагдаагийн албан хаагчдыг хамгаалалтад ажиллуулж байгаа. УИХ-ын гишүүний биед халдсан, хувийн өрөө тасалгаанд нэгжлэг хийгээгүй" гэсэн мэдээллийг өгөв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ