Дорнодын замын домог дуусна

Монгол Улсын Засгийн газар 2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан гэсэн 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Эдгээрээс өнөө хэр дуусаагүй, торойж үлдсэн “Дорнодын” гэх тодотголтой, дуусдаггүй түүхтэй 143 км зам энэ жилдээ багтан дуусч, үлгэр амар сайхандаа жаргах нь тодорхой боллоо. Өнгөрсөн жил энэхүү замын барилгын газар шорооны ажил 100 хувь, хучилтын ажил 60 орчим хувьтай байсан.
Дорнод аймагт өнгөрөгч 3 дугаар сард ажиллаж, иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийслэл хотыг тус аймагтай холбох хатуу хучилттай замыг 7 дугаар сард бүрэн ашиглалтад хүлээн авахаа мэдэгдсэн. 2016 онд нийт 1014 км зам, гүүрийн ажлыг гүйцэтгэхээ Шийдлийн Засгийн зарласан. Эдгээрээс хамгийн түрүүнд Дорнодын замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.
Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн авто замын барилгын захиалагч нь Зам Тээврийн яам, санхүүжүүлэгч нь Хөгжлийн банк юм. Төслийн гүйцэтгэгчээр “Насны зам”, “Бадрал ойл”, “Өвөр залаат”, Хансуун зам”, “Арж капитал” компаниуд шалгарсан. Замын ажлын оны нээлтийг ирэх 18-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулах юм байна. Дорнодын зам 2009 онд эхэлсэн. Хүлээгдэж буй үр дүн 143 км.
Анх 1 компани дангаараа гүйцэтгэлийг авсан байсан. Энэ жил 5 компани зэрэг ажиллана. Өнгөрсөн жилийн 7 дугаар сард гүйцэтгэл 70% байсан. 2016 оны 6 дугаар сард 100% гүйцэтгэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ