Зардлын санхүүжилтийг олгож эхэлжээ

Нийслэлийн “Нийтийн тээврийн газар”-аас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй, нэгж, компаниудад машин цагийн зардлын санхүүжилтийг олголгүй хүлээлт үүсгэсэн асуудалд тайлбар өглөө. Зардлын санхүүжилтийг өнөөдрөөс олгож эхэлжээ.
Энэ оны эхний нэг, хоёр, гуравдугаар сарын нөхөн олговор болох 7 тэрбум 924 сая төгрөгийг гүйцэтгэлийн дагуу аж, ахуй нэгжид олгожээ. Харин машин цагийн зардлын нэг, хоёрдугаар сарын 8 тэрбум 874 сая төгрөг олгох ёстой байсан ч эхний ээлжинд 50 хувь болох 4 тэрбум төгрөгийг олгоод байсан аж. Үлдсэн 50 хувийн санхүүжилтийг олголгүй хүлээлт үүсгэсний улмаас нийтийн тээврийн компаниуд асуудал хүргүүлээд байжээ. Хүлээлт үүссэн шалтгааныг Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат “Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим автобусууд "Санхүүжилтээ олгооч ээ" гэсэн утгатай лоозонг зүүж явсан. Үүн дээр тайлбар хийхэд цагын зөрүүний зардлын санхүүжилт тодорхой хэмжээгээр хойшилсон шалтгаан нь манай байгууллагатай аж ахуй нэгжүүд гэрээ хийх ёстой байдаг. Гэрээ хийхэд хоёр талаас тохирох тодорхой хэмжээний хүндрэл гарсан. Улмаар Төрийн сангаас гэрээгээ хийж байж санхүүжилтээ аваа гэдэг шаардлагыг тавьсан учраас хүлээлт үүсээд байлаа. Харин өчигдрөөс хоёр тал гэрээ заалтан дээр ойлголцож, аж ахуй нэгжүүд Нийтийн тээврийн газартай гэрээгээ хийгээд, гэрээ хийсэн компаниуд өнөөдрөөс санхүүжилтээ аваад эхэлж байна” хэмээв.
Уг гэрээний дагуу Нийтийн тээврийн газраас 3 талт гэрээг 2 талт хэлбэрээр байгуулахаар болжээ. Тодруулбал:
- Нийслэлийн тээврийн газар-Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага
- Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж байгууллага-“Улаанбаатар Смарт карт” ХХК
- Нийслэлийн тээврийн газар-“Улаанбаатар Смарт карт” ХХК гэсэн байдлаар тус тус гэрээ хийж, талуудын хүлээх үүрэг, эрхийг тодорхойж зааж өгөхөөр болсон байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ