Т.Аюурсайхан: О.Магнай тоо бодож сураасай

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар ажиллаж байхдаа “НИК” ХК-д тавьсан дөрвөн тэрбум төгрөгийн торгуулийг цуцалсан асуудлаар О.Магнай мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр тэрбээр ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан зохиомлоор хэрэг үүсгэж, илтэд гүтгэн доромжилж байна хэмээсэн юм. Үүнд Т.Аюурсайхан өнөөдөр хариу мэдээлэл хийлээ.
Тэрбээр “О.Магнай миний хэлсэн үгийг өөрийг нь гүтгэсэн гэж мэдэгдсэн байна. “НИК” ХК-тай холбоотой хэргийн гурван шатны шүүх хурал нь явагдаад 2013 оны аравдугаар сарын 7-нд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрт “НИК” ХК-ийг торгосон 4.9 тэрбум төгрөгийг хууль бус учраас дахин тооц гэсэн. Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.2-т зөвхөн зөрчилтэй бараа, бүтээгдэхүүний орлогоос торгууль ногдуулна гэж заасан байдаг. Гэтэл 2011 оны борлуултын нийт орлогоос тооцсон нь буруу болсон. Тийм учраас дахин тооцоолол хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг О.Магнайд оногдуулсан байдаг. Гэвч О.Магнай шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, шүүх хууль бус шийдвэр гаргасан хэмээгээд ажлаа өгсөн байгаа юм.
Мөн намайг “НИК” ХК-ийн торгуулийг хүчингүй болгосон гэж ярьсан. Энэ бол илт худлаа. Би ШӨХТГ-ын ажлыг аваад тус компанид 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. “НИК” ХК-аас торгуулийг хүчингүй болгоно уу гэсэн хүсэлт ирүүлж байсан ч миний зүгээс албан ёсоор боломжгүй гэдэг хариултыг хүргүүлсэн юм. Түүнчлэн “НИК” ХК-ийг монополь компанийн жагсаалтаас гаргасан гэж ярьжээ. Үүнд хариулахад тус компанийн статус угаасаа монополь байгаагүй. Монополь гэдэг бол зах зээл дээр цор ганц байдаг компанийг хэлнэ. Гэтэл энэ компанийн хувьд давамгай байдалтай аж ажуй эрхлэгч байсан.
Дахиад нэг асуудал нь ажилчдын 90 хувийг халсан гэсэн. Энэ бас л худлаа. Ажил авахад Засгийн газраас бүх агентлагын 15 хувийн ажилтнуудыг цомхотгох шийдвэр гаргаж, цалингын санг багасгасан. 15 хувь гэдэг нь 6 ажилтанг төсөв мөнгөний асуудлаас болж аргагүйн эрхэнд чөлөөлсөн байгаа. Жирэмсний амралт, богино сургалтын чөлөө, өөрийн хүсэлтээр зарим албан хаагч ажлаасаа гарсан болохоос би халсан зүйлгүй. Тийм учраас би О.Магнайг тоо бодож сурах хэрэгтэй гэж би бодож, хүсэж байна” хэмээв.
Мөн тэрбээр “О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа “МИАТ”, "Женко тур", “Цолмон ус” ХХК зэрэг олон компанид торгууль ногдуулсан хэр нь өөрийн гарын үсгээр хүчингүй болгосон байгаа юм. Торгуулийг хүчингүй болгохын тулд төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу зөрчлөө арилгасан тохииолдолд давтан хяналт шалгалт хийж энэ талаар улсын байцаагчын дүгнэлт гаргах ёстой байдаг. Гэтэл давтан хяналт шалгалт, улсын байцаагчын дүгнэлт гаргахгүй тухайн компанийн эзэдтэй уулзаж тохироод хүчингүй болгочихсон байгаа нь хууль бус үйлдэл юм” хэмээн хэллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ