Путин шууд нэвтрүүлэгт оролцов

ОХУ-ын Ерөнхийлөгч 14 дэх жилдээ “Путин шууд шугамаар” нэртэй телевизийн нэвтрүүлэгч оролцож, сэтгүүлчид болон олон нийтийн сонирхсон асуултад хариулсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Уг ярилцлага 3.39 цаг үргэлжилсэн юм. Тэрбээр энэ хугацаанд 84 асуултад хариулжээ. Москва хотын худалдааны төвд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд дотоод, гадаадын 1458 сэтгүүлч хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчөөс асуулт асуусан байна.
Шууд нэвтрүүлэг эхлэхээс хагас цагийн өмнө интернэт болон утсаар асуулт авахыг бүрэн зогсоожээ. Долоо хоногийн хугацаанд Кремлийн хэвлэлийн алба нийтдээ 1.4 сая асуулт хүлээн авсан талаар Дмитрий Песков мэдэгджээ.
Сэтгүүлчид Путинээс Панамын бичиг баримт буюу оффшорын дансны асуудал, Сирийн цэргийн ажиллагаа, АНУ-ын бодлого, Украины зүүн хязгаарын оршин суугчид, эдийн засгийн байдал, боловсролын зэрэг олон асуулт асуусан байна.
“Путин шууд шугамаар” нэвтрүүлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд зохион байгуулагдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ