Хууль өшиглөж шоудагчид

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар С.Зориг агсны гэргий Д.Булгантай уулзахаар Төв аймгийн хориход очжээ. Хорих ангийн албан хаагчид гишүүдийг баруун жигүүр руу оруулахаас татгалзсан учраас Ц.Оюунгэрэл гишүүн хөлөө жийн, шалан дээр сууж. Аавдаа эсвэл ээждээ эрхэлж буй хүүхдийг санагдуулам түүний зураг цахим сүлжээгээр тарж, яасан, ийсэн гэх олон асуултыг араасаа дагуулав.
Ээжийнх нь хүсэлтийн дагуу хоёр гишүүн Д.Булгантай уулзахаар хорих ангид очсон гэнэ. Шалтгааныг хүндэтгэж байна. Гэхдээ БОЛОХГҮЙ гэсэн газар руу УИХ-ын гишүүн гэсэн нэр барьж, болгох гэж зүтгэх нь зүйд нийцэх үү. Маш нууц гэсэн тодотголтой учраас хорих ангийн баруун жигүүр рүү зөвхөн эрх бүхий албан тушаалтан ордог байж болно. Тэгээд ч хорих анги зүглэсэн бүхнийг оруулаад байдаг газар биш. Хорих шийдвэр гаргасан газраас нь зөвшөөрөл авна. Тэгээд зөвхөн уулзалтын өдөр очно. Дээр нь уулзах зөвшөөрөл хүссэн хүн нь гэр бүлийн хэн нэгэн эсвэл өмгөөлөгч нь байх ёстой гэхчлэнгээр энгийн иргэдэд бол үйлчлэх хууль дүрэм цөөнгүй бий. Харин энэ бүхнийг үл тоомсорлож, өөрсдийнхөө заваар хорих ангид оччихоод хуулийг гууль болгох шаардлага байв уу.
Сүүлийн үед хууль тогтоогчид өөрсдөө хуулиа зөрчдөг завхрал газар авчээ. УИХ-ын гишүүн Г.Уянга гэхэд дээрх хоёртой адил ааш гаргасан. Тэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалтай уулзахаар Цагдан хорих 461 дүгээр ангид шууд очиж, оруулаагүйн төлөө сүрийг бадраасан. Хуульзүйн сайд Д.Дорлигжав, цагдаагийн дарга Р.Чингис нар руу ярьж, тэрийгээ чанга яригчаар олон нийтэд цацсан нь ёс зүйгүй, хууль зөрчигч гэдэг нь харагдсан.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ч хуулийг уландаа гишгэж, шоудагчдын нэг. Тэрбээр Х.Баттулгын туслахыг саатуулагдахад мөн л хорих анги дээр очиж, зовлон хуваалцагчийн дүр эсгэсэн. Тэгээд зогсохгүй цагдаагийн байгууллагын даргыг хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хорилоо хэмээн огцрохыг шаардсан албан бичиг шидэж, том толгойлсон нь олонд таалагдаагүй. Шаардлагатай бол хөхүүл хүүхэдтэй эхийг ч, жирэмсэн эмэгтэйг ч хорих хууль байдгийг хууль биелүүлэгчид тайлбарлаад байхад мэдэн будилж, муйхарлан зүтгэсэн.
Л.Эрдэнэчимэг гишүүний шоу ингээд дуусаагүй. Одоо жинхэнэ оргил үедээ бүр тэнэглэлдээ тулсан. Тэр “Х.Баттулгын компанид нэгжлэг хийсэн цагдаагийн даргыг огцруул. Үгүй бол дөрвөн сайдаа татаж, Засгийн газрыг унагаана” хэмээн мэдэгдэж, олны нүдийг орой дээр нь гаргасан. Хуулийн байгууллагын ажилд саад учруулаад зогсохгүй Засгийн газрыг гарынхаа аясаар хөдөлгөх гэсэн түүний санаархал төрийн түшээ хүнээс гарамгүй тэнэглэл байлаа. Х.Баттулгын даалгавар, Л.Эрдэнэчимэгийн үгээр засгаас гарахдаа тулаад буй сайдууд нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Зам тээврийн сайд М.Зоригт, ХХАА-н сайд Р.Бурмаа нар. Тэд Х.Баттулгын төлөө Л.Эрдэнэчимэгийн үгээр сайдын суудлаасаа татгалзах нь эргэлзээтэй. Төрийн сайд нарыг шатрын хүү гэж бодож, Засгийн газрыг тоглоомын талбар гэж сэтгэсэн хууль тогтоогчтой учраас Монголын төрийг хэн ч хүндэтгэдэггүй биз.
УИХ-ын гишүүд бол хэмжээгүй эрхт хаан биш. Тэдэнд хүссэн газар бүхэн рүү дайрч орох эрх байхгүй. Сарвайсан бүхнээ авах мөнгө нь байлаа ч эрх нь хязгаартай гэдгээ санах хэрэгтэй. Парламентын гишүүний халдашгүй эрхийг хуулиар хамгаалсан. Гэхдээ энэ эрх бас хязгаартай гэдгийг эрхэм хууль тогтоогчид санаж байх учиртай. Р.Гончигдорж “УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлыг хуулиар хамгаалдаг. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаална гэдэг бол УИХ-ын төрийн эрх барих дээд байгууллагыг хамгаалж байна гэсэн үг” хэмээн ярьжээ. Бүхэл бүтэн улсын хууль тогтоох дээд байгууллагын халдашгүй байдлын нэг хэсэг болж байгаа гишүүд урагшгүй тэнэгүүд биш ухаантай түшээд байж чадсан цагтаа эрхээ төгс утгаар нь эдэлнэ.
Сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад УИХ-ын эмэгтэй гишүүд эрчүүдээсээ илүү хууль зөрчиж, дур зоргоороо аашилж байна. Болохгүй, хамгаалсан гэх бүр рүү дайрч, зарим нь бүр засгаар барьцаа хийж, наадлаа. Хэн бүхнээс хараат бус байх ёстой хуулийн байгууллагын ажилд ч саад учруулж, нөлөөлөхийг санаархлаа. Баталсан хуулиа өөрөө зөрчөөд байх юм бол гишүүн байхын хэрэг алга. Харин гэртээ номоо бичээд эсвэл эмийн сандаа эмээ зараад суух нь илүү хал балгүй.
Нэг үхрийн эврээс болж мянган үхрийн эвэр доргидог гэх үг бий. Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нараас болж, парламентын бусад эмэгтэй гишүүд ч баалуулж байгаа. Уг нь С.Оюун, М.Батчимэг, Д.Оюунхорол нарын гишүүдтэй яриад байх зүйлгүй. Тэд хийж, бүтээж гийгүүлээгүй байж болох ч баталсан хуулиа гууль болгож, гишгээгүй. Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэх тухай ярьж байгаа энэ үед эрхэм түшээдийн дур зоргоороо аашилсан үг, үйлдэл ач тус авчрахгүй. Дараагийн УИХ-д суух эмэгтэйчүүдийн тоо цөөрвөл тэрэнд өнөөгийн хууль өшиглөж шоудагчид буруутай гэдгийг хэлэх нь илүүц биш бололтой.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ