Эвслээс нэр дэвшигчийг “зогсоовол” хамтарч тэмцэнэ

МАН, МАХН-ын сонгуульд эвсэж орох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч нар Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийлээ. Уг ажлын хэсгийг МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, МАХН-аас УИХ-ын гишүүн Ч.Улаан нар ахлан ажилласан юм.
Эвслийг МАН тэргүүлнэ
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
-Хэлэлцээр бүрт тохиролцсон, ойлголцсон асуудлаа баталгаажуулаад явна. Ойлголцоогүй үлдсэн асуудлаа дараагийн уулзалт хэлэлцээрээр ойлголцоход дөхөм болгож ярилцана.Үндсэн ийм зарчимтайгаар ажиллалаа. Ингээд өчигдөр оройны байдлаар ойлголцоогүй үлдсэн асуудалдаа цэг тавьж дуусгасан. Ямар ямар асуудлаар ойлголцолд хүрснээ товчхон хүргэе.
Эхний асуудал УИХ-ын сонгуульд оролцох УИХ дахь нам тус бүрийн квотын байлаа. УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтанд 10 нэр дэвшигч буюу нийт 25. МАН тойрогт 33, жагсаалтанд 18 нийт 51 хүнийг тус тус нэр дэвшүүлнэ.
Хоёрдугаарт, хариуцлагаа хамтдаа үүрэг, амласан амлалтаа тууштай биелүүлэх, эвслийг бат бэх байлгах, тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлнэ гэдэг зарчим тохиролцсон.
Монголын ард түмэн МАН, МАХН-ын эвсэлд санал өгч ялалт байгуулсан тохиолдолд УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүнийн сонгуулийн бодит дүнг үндэслэж хуваарилна гэсэн зарчмыг барьсан.
Орон нутгийг сонгуульд эвсэл болж оролцоно. Эвсэл болж оролцохдоо 2012 оны тухайн орон нутгийн сонгууль намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан тухайн орон нутгийн намын байгууллагууд гэрээнд харилцан тохиролцоно гэдэг заалтыг оруулж өгсөн.
Мэдээж ИТХ-ын дарга, Засаг даргын асуудлууд гарна. Энэ бол сонгуулийн үр дүн дээр үндэслэж шийдэгдэнэ гэдэг зүйл яригдсан.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хямарчихсан байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа ийм нөхцөл байдалд МАН, МАХН улс төрийн хариуцлагаа өндөржүүлж энэ сонгуульд ялахаас өөр аргагүй боллоо. Ингэж байж улс орны эрх ашиг, ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэж үзэж энэ гэрээ хэлцлийг хийсэн.
Эвслийг удирдаж орох асуудал мөн яригдана. Эвслийн удирдах зөвлөл нь 50:50-ын харьцаатай байна. Эвслийн тэргүүн нь УИХ-д хамгийн олон суудалтай МАН байна. Харин Удирдах зөвлөлийн дарга нь МАХН-ын дарга байна гэж ойлголцсон.
Үүний дараагийн асуудал бол ажлын хэсгүүд гарсан үр дүнгээ өөрийнхөө намын төлөөллийн байгууллагад хэлэлцүүлж танилцуулах үүрэг хүлээж байгаа. Үүнээс гадна улс төрийн бүх төрлийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө хамтраад сонгуульд орж байх үед эвслээс нэр дэвшигч аль эсвэл нэг субьектийг нь хууль хяналтын байгууллагын зүгээс зогсоох, оролцуулахгүй байх гэсэн оролдлого гарах юм бол хоёр нам хамтарч тэмцэнэ.
Цаашдаа хоёр нам нэгдэх асуудал яригдана
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд хоёр нам эвсэж орох боллоо. Ажлын хэсэг эхний хурлаараа шийдэх ёстой асуудлынхаа хүрээг тодорхойлсон. 10 удаагийн уулзалт ярилцлагаар зарчмын тохиролцоонд хүрлээ. Эцсийн шийдвэрийг хоёр намын удирдах дээд байгууллага гаргана. Үүний дараа эвслийн удирдах байгууллагуудыг байгуулж, мөрийн хөтөлбөрийг гаргаж Үндэсний аудитын газар өгнө. Хоёр нам эвсэж сонгуульд оролцох нь амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлж байна. Цаашдаа хоёр нам нэгдэх асуудал яригдана. Тиймээс том ажлын эхлэлийг тавилаа гэж үзэж байна. Тохиролцсон асуудлуудыг тусган эвслийн гэрээ байгуулна. Гэрээнд ажлын хэсэг дээр ойлголцсон асуудлууд орно.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Эвслийн гэрээ хэзээ байгуулагдах вэ?
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-МАН-ын бага хурал хуралдаж байгаа. Маргааш төлөөлөх байгууллагууд хуралдана. Бага хурал дээрээ асуудлаа хэлэлцээд, хамтарч орох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ. Энэ сарын 20-ноос өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлнэ. Тиймээс энэ сарын 20-ны дотор бүх шийдвэр гарсан байх ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Сонгуульд орох нам, эвсэл дөрөвдүгээр сарын 30-нд СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-ны дотор эвсэж орох эсэхээ шийдэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитын газар өгсөн байх ёстой. Маргааш манай бага хурал болно. Ажлын хэсгүүд мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлыг өнгөрсөн жилээс ажиллаж, ард иргэдээс санал асуусан. Цаг хугацаанд нь шийдэх бүрэн бололцоотой байгаа.
-Жагсаалтыг 18:10 байхаар ярьжээ. Дарааллыг нь яаж харгалзах вэ?
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Дарааллыг хэрхэн жагсаах талаар ярилцсан. 3:1 гэж тусгаж явахаар тохирсон.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Ажлын хэсгийн түвшинд шийдвэр гаргах хүрээнд ярьсан. Нэг бүрчлэн ярих бололцоо байхгүй. Бүтцүүд байгуулагдаад явахад арга механизмыг нэг бүрчлэн шийдвэрлэх боломж бүрдэнэ. Суурь зарчим дээр үндэслээд нэг бүрчлэн асуудлаа тохироод явна.
Эвлийн нэрний тухайд ярилцсан болов уу?
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Эцсийн байдлаар тохирсон зүйл байхгүй. Гэхдээ ярилцсан хувилбарууд бий.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Ярилцсан, санал нэгдсэн зүйл ч байгаа. Намын удирдах дээд байгууллага, шийдвэр гаргах байгууллагадаа бид саналаа оруулж байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ