МАХН-аас эцсийн хариу өгөхийг шаардлаа

МАН-ын бага хурлаар МАН, МАХН-ын ирэх сонгуульд эвсэж орох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа МАН-ын бага хурлаар дээрх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч хамтран эвсэх МАХН-ын зүгээс хариу хүлээгдэж байгаа ажээ. Энэ талаар МАН, МАХН хамтарч эвсэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн МАН-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ч.Улаантай хамтарч хэвлэлд мэдээлэл өгснийг та бүхэн санаж байгаа. Энэ мэдээлэл хийснээс хойш олон үйл явдал болж өнгөрлөө. Намууд Бага хурал болон Бага чуулганаа хийж байна. Бусад намууд ч мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх шийдвэрээ гаргаж байна. Яг одоогоор хэлэлцэж тохиролцсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд ирүүлж эхэллээ. Тухайлбал орон нутгийн сонгуульд оролцохдоо ИТХ-д авсан суудлын тоо саналын тоо харгалзана гэдгийг 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөх гэж байна. Квотыг тогтоохдоо МАН 80, 20 МАХН байна гэдгийг нэмж оруулах, засаг дарга, ИТХ авсан суудлаас үл хамааран сөөлжилж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцсан. Санамж бичигт өмнө тавьсан саналаасаа буцахгүй гэсэн заалт бий. СЕХ-ны албан тоотоор бол намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг 20-иас өмнө буюу өнөөдөр дуусгавар болгох учиртай. Цаг хугацаа ийм богино байхад тохиролцооноосоо буцаж байгаад харамсч байна. Тиймээс МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, эцсийн хариугаа өгөхийг шаардаж байгаа. Товлосон хугацаанд хариугаа өгөхгүй бол МАН-аас гарч байгаа ажлын хэсэг хамтарч ажиллах боломжгүй гэдэг ийм саналыг төлөөллийн байгууллагадаа оруулахаар төлөвлөж байна" гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ