Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардлаа

img

УИХ-аас 2015 оны 12-р сарын 03-ны өдөр баталж, 2016 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 дүгээр зүйлд  эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ гэж заасан нь тус хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл дэх 5 жил хүртэлх хорих ялтай гэмт хэргийг тэнсэх боломжтой гэж заасанд багтаж чадахгүй байгаа тул тэнсэх боломжгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд ХҮНД хохирол САНААТАЙ учруулсан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагатай адил байна.  

 

Мөн хуулийн 10.1 зүйлд хүнийг санаатай алсан тохиолдолд 8-15 жилийн хорих ял эдэлнэ гэж заасан нь эмнэлгийн мэргэжилтэн БОЛГООМЖГҮЙГЭЭР үйлчлүүлэгчид Хүнд хохирол учруулах эсхүл нас барсан тохиолдлын эрүүгийн хариуцлагыг дээд хэмжээтэй адил байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна.

 

Эмнэлгийн мэргэжилтний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруугийн Болгоомжгүй хэлбэрт хамаардаг байсан бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар санаатай үйлдсэн гэм буруугын хэлбэрт хамааруулж эрүүгийн хариуцлагатай адил хэмжээтэй оногдуулсан нь буруу гэж үзэж байна.

 

Харин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 11.3 зүйлд хүний эрүүл мэндэд ХҮНД хохирол БОЛГООМЖГҮЙГЭЭР учруулбал 1 жил хүртэл хугацаагаар эрх хасаж 1 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан атлаа 10.6 дугаар зүйлд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаас харахад болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах, нас барсан тохиолдолд оногдуулах эмнэлгийн мэргэжилтний авах ял илүү хүнд байгаа нь ҮНДСЭН ХУУЛИНД заасан ШУДАРГА ЁС-ны зарчимд нийцэхгүй байгаа учраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байна.

 

Хамгийн хатуу хуультай гэгддэг Хятад улсын Эрүүгийн хуулинд эмнэлгийн мэргэжилтэнд оногдох ялын дээд хэмжээ 3 жил, Оросын холбооны улсын эрүүгийн хуулинд 4 жил байна. Гэтэл энэ улс орнуудтай харьцуулахад эрүүл мэндийн эрхэлсэн сайдгүй, эрүүл мэндийн даатгал, менежментийн бодлого алдагдсан, эмнэлгүүд ачаалал хэтэрсэн зэрэг эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалахгүй эрсдэл өндөр байхад дан ганц эмнэлгийн мэргэжилтэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь шударга бус гэж бид үзэж байна.

 

Иймээс эмнэлгийн мэргэжилтэн хохирогчийн эрүүл мэнд, амь насанд БОЛГООМЖГҮЙ хохирол учруулсан тохиолдолд оногдуулах эрүүгийн хариуцлагыг бусад төрлийн БОЛГООМЖГҮЙ үйлдэгдсэн гэмт хэргийн эрүүгийн хариуцлаганд ДҮЙЦҮҮЛСЭН байдлаар нэмэлт өөрчлөлтийг хуулинд оруулах ШААРДЛАГА-ыг УИХ болон холбогдох байнгын хороодод, мөн ЗГ, ЭМСЯ, ХЗЯ-дад хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

 

Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ.

 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан эмнэлгийн мэргэжилтнүүдийн түр хороо

 

  • Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан эмнэлгийн түр хорооны дарга, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар

 

Нарийн бичгийн дарга::

  • Эрүүл мэндийн эрх зүйн төв ТББ-ийн дэд тэргүүн, их эмч, эрх зүйч  Д.Энхсүлд
  • Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбооны тэргүүн, их эмч Т.Адъяатөмөр

ГИШҮҮД

  • Монголын залуу мэс засалчдын холбооны тэргүүн, их эмч Д.Сэргэлэн
  • Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн, СЭМҮТ-ийн их эмч Ө.Анхболд
  • Эхийн хайр ТББ-ын тэргүүн, их эмч Г.Халиунаа
  • УIТЭ-ийн чих хамар хоолойн тасгийн их эмч Э.Алтандөш
  • ШЭНЭСТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Өнөрбилэг
  • Сувилахуйн амьдрал төвийн тэргүүн, сувилагч, сэтгүүлч Т.Сүрэнхай

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ