Их Монгол Улсын гудамжны замыг 4 эгнээ болгоно

Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалт 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид болон иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэх үүднээс авто замын 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Тэдгээр ажлын нэг болох Их Монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил юм. Тус замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Эрдэнэ зам”, “Тотал инж” ХХК шинэчилж буй бөгөөд ажлын явц 20 хувьтай байна.
Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.1км авто замын зорчих хэсэг нь одоо 9 м өргөнтэй бөгөөд өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийг 14 м болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий болгон шинэчлэх юм.
Замын одоогийн байдал
Замын одоогийн байдал
Уг ажлыг гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд НАЗГ-аас 06 дугаар сарын 15-нд бүрэн дуусгахаар хуваарь гарган ажиллаж байна.
Замын өргөтгөлд 8 аж ахуйн нэгжийн барилгын түр хашаа болон гадна талбай, тохижилт орсон бөгөөд газар чөлөөлөлтийн ажил удаашрахгүй бол замыг хуваарийн дагуу ашиглалтад оруулахаар байгаа юм. Одоогоор нэг аж ахуйн нэгж хашаагаа чөлөөлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ