Шинэ суурьшлын бүсэд хамрагдах хүсэлт компаниудаас тавьж байгаа

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ “Сайдын цаг”-т оролцлоо. Энэ удаагийн “Сайдын цаг” уулзалт БХБЯ-нд болсон юм. Тэрбээр,
-Барилгын тухай хууль өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хуулийг дагаж мөрдөх 33 заавар, дүрэм боловсруулах ёстой. Үүнээс 22-ыг нь боловсруулан гаргалаа. Барилгын ажилын ид үе эхэлж байгаатай холбогдуулан үлдсэн дүрэм, журмыг яаралтай боловсруулан гаргах ажлыг БХБЯ болон Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн ажиллаж байна.
Засгийн газрын тогтоолоор ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан. Ипотекийн зээлийн 8 хувийг хүүг 5 хувь болгосон. Ипотекийн 5 хувийн хүүтэй зээлийг Засгийн газраас зорилтот бүлэгтээ хэрэгжүүлсэн бодлого. Тиймээс Алслагдсан 3 дүүрэг, шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 21 аймагт баригдсан орон сууц зэргийг хамруулан хэрэгжүүлэхээр болж байна. Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орсон. Иргэдээс ипотекийн 5 хүүтэй зээлд хамрагдахын тулд хаанаас орон сууц худалдан авах вэ гэдэг асуултыг их тавьж байна. Зарим аж ахуйн нэгж компаниас манай орон сууцыг шинэ суурьшлын бүсэд хамруулж өгөөч гэсэн зүйлийг ярьж байгаа. Бид Засгийн газрын дунд хугацааны зорилтот хөтөлбөртөө зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Шинэ суурьшлын бүс 2010 онд тодорхой нэршилтэйгээр зааж оруулж ирсэн. Гэтэл өнгөрсөн 6 жилийн хугацаанд шинэ суурьшлын бүс өргөжсөн. Олон бүс бий болсон. Тиймээс 2010 оны дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хийх боломжгүй юм.
Мөн түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны эрхзүйн зохицуулалт хийгдсэн. Иргэдээс түрээсийн орон сууцтай холбоотой санал, гомдол их ирж байгаа. БХБЯ өнгөрсөн хугацаанд 126 тэрбум төгрөгийг үндэсний баялаг бүтээгчдээ дэмжих үүдээс “Дэд бүтэц” төсөлд хамруулсан. Энэ төсөл амжилттай хэрэгжээд дууссан. Жишээлэхэд, Баянголын ам дахь “Дэд бүтэц” төсөл амжилттай хэрэгжсэн. Бүтээн байгуулалтын ажил нь дуусаад 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Гэтэл өмчлөлийн асуудал нь шийдэгдээгүй өнөөг хүрчээ. Учир нь тухайн Баянголын аманд баригдах ёстой 26 мянган айлын орон сууц баригдаагүй байна. Тиймээс өнөөдөр тэнд хэрэглэгч байхгүй гэдэг үүднээс тэнд баригдсан дулаан, цахилгааны станц, цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдсэн ч шинээрээ хадгалаастай байна. Төсөл хэрэгжүүлс эн аж ахуйн нэгжээс харуул хамгаалалт гарч, зардал нэмэгдсэн байна. Энэ асуудлыг бид нийслэлийн удирдлагуудтай уулзаж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. Улсын хөрөнгөөр өчнөөн ажил хийчихээд өмчлөх ажил нь орхигддог асуудлыг цэгцлэх ёстой. Баянголын аманд 480 га газарт орон сууцны хороолол баригдаагүй байна. 2002 оноос хойш газар олголтын ажил явагдаж, 6.2 тэрбум төгрөгөөр хийгдсэн дэд бүтцийн төсөл тавигдсан. Харин орон сууцны хороолол барина гэж хотын төлөвлөгөөнд тусгасан хэрнээ хэрэгжээгүй байна. Хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд өчнөөн га-гаар нь олгосон атал орон сууцны хороолол баригдахгүй байгаа нь газрын наймаа хэр хүчтэй явагдаж байсныг харуулж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл БХБЯ-ны захиалгаар, Хятадын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр 7, 14 дүгээр хороололд явагдсан. МҮОНРТ-ийн орчмын гэр хорооллын төлөвлөлт учир дутагдалтай. 2009 оны зураг төслөөр хийгдсэн учраас төлөвлөлт дутуу болсон. Айлуудын нүүлгэн шилжүүлэлт, орон сууцны хороолол бүрэн баригдаагүй гээд асуудал үүссэн байна. Иргэдээс 80 ам.метрийг чөлөөлөх асуудлыг тавьж байгаа. Гэхдээ энэ нь Ирээдүйн тэтгэврийн сангийн хуулиар ХАХНХЯ, Монгол банкнаас шийдвэрлэх зүйл юм хэмээлээ. БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх үү?
-Түрээсийн орон сууц өөр зохицуулалтаар явна. 5 жилийн хугацаанд түрээсээ болон хэрэглэсэн дулаан цахилгааны зэрэг бусад зүйлээ төлөөд явна. Төвлөрөл ихсэж байгаа холбоотой зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн бодлого. Харин өмчлөлд хэзээ шилжих вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэхдээ түрээсийн орон сууц тусдаа зохицуулалтаар явна. Өмчлөх асуудал нь түрээслэхээс өөр зохицуулалтаар шийдэгдэнэ. Ингэхийн тулд МИК арилжааны банкуудтай гэрээ хийх зайлшгүй нөхцөл бүрдэх юм. Иргэн тодорхой хугацаанд түрээсийн зарчмаас өндрөөр төлбөрөө төлөөд 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд өмчлөх эрх нь үүсдэг зохицуулалт явагдана.
-Барилгын компаниуд гүйцэтгэлийн мөнгөө төрөөс авч чадахгүй байна. Үүнийг яаж зохицуулах гэж байна вэ?
-Одоогоор хүлээлтийн байдалтай 28 мянган орон сууц байна. Гүйцэтгэлийнхээ санхүүжилтийг авч чадаагүй байгаа аж ахуйн нэгжүүд арилжааны банкин дээр хар дансанд орж, дахин зээл үүсгэхгүй болж байна. Тийм учраас бид арилжааны банкуудтай аж ахуйн нэгжүүдээ уулзуулж асуудлыг шийдэх зорилгоо МХАҮТ-тай хамтраад ирэх 7 хоногийн 3 дахь өдөр хэлэлцүүлгийг хийх гэж байгаа. Манайд 2016 онд шинээр төсөл хөтөлбөр бага тавигдсан. Мөн ажлын гүйцэтгэл нь 80 хувьтай байгаа аж ахуйн нэгжүүдийг векслиэр санхүүжээч гэсэн хүсэлтийг Сангийн яаманд тавьсан. Удахгүй шийдвэрлэгдэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ