Тогтоол батлагдсан ч, эс батлагдсан ч Н.Энхбаяр ялгүй

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс МАН-тай нэгдэх эсэх болон зарим зүйлийг тодрууллаа.
-Танай нам МАН-тай эвсэх тохирооноосоо буцлаа. Яагаад ямар нэг хариу өгөөгүй вэ?
-Манай нам гурван ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. АН, МАН, МНН-тай хамтран ажиллах асуудлаар ажлын хэсэг гарч ажиллаж байна. Миний хувьд АН-тай хамтран ажиллах, өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан гэрээгээ дүгнэх ажлын хэсэгт орсон. Өнөөдрийг хүртэл бид уулзалт хийгээгүй байна. МАН-ын зүгээс биднийг АН-тай уулзалт хийгээд хуурчихлаа гэдэг асуудал яриад байдаг. Гэтэл ажлын хэсгийн хүрээнд ямар ч уулзалт яриа хөөрөө байхгүй байна. Гэрээгээ дүгнэх ажлууд хийгдэнэ. Удахгүй энэ асуудлаар хуралдах байх.
-МАХН мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт өгсөн үү?
-МАХН ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны 17.00 цагт хүргүүлсэн.
-Тэгэхээр МАХН сонгуульд дангаар оролцоно гэсэн үг үү?
-Бид тэгж үзэхгүй байгаа. Ямар ч байсан мөрийн хөтөлбөрөө боловсруулаад, аудитаар хянуулаад засч өөрчлөх хугацааг гаргаж өгдөг. Энэ хугацаа нь шууд дөрөвдүгээр сарын 20-ны дотор намууд эвсэх эсэхээ шийднэ гэсэн үг биш. Хуулийнхаа хугацаанд дөрөвдүгээр сарын 28-нд намууд сонгуульд хэрхэн оролцохоо мэдүүлнэ. Тиймээс бид аудитад хянуулах хугацаандаа МАН-д тодорхой санал тавьсан. Ингээд энэ сарын 22-ны өдөр хүртэл харгалзаж үзэх хүлээлтийн хугацаа өгсөн.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгах тогтоолын төслийг УИХ хэлэлцэж байна гэсэн. Хэзээ чуулганаар хэлэлцэгдэх бол?
-Тэр тогтоол энэ долоо хоногт Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ороогүй. Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлын дараалалд багтаагүй. Харин өмнөх долоо хоногт энэ асуудал хэлэлцэгдсэн байсан. Гэтэл өмнө долоо хоногт орсон асуудлыг намууд эвсэх эсэхтэй холбогдуулж гаргаж ирж байгаа нь улс төрийн шалтгаан гэж үзэж байна. Энэ тогтоол гарсан ч, эс гарсан ч асуудал нь өөрөө “ялгүй” юм. Хуулийг хүн бүрт ялгамжтай хэрэглэдэг асуудлын илрэл гэдгийг Хуульзүйн байнгын хороогоор тухайн асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн ярьж байсан. Хууль нэг мөр үйлчилдэг. Харамсалтай өнгөрсөн 26 жилийн хугацаанд хууль ялгамжтай үйлчилдэг нь жишиг болжээ.
-Таны хувьд УИХ-ын сонгуулиар тойрогт нэр дэвших үү, намын жагсаалтад орох уу?
-Тойрогт нэр дэвшинэ.
-Аль тойрогт өрсөлдөх бол?
-Одоогоор тойргоо товлоогүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ