Сирийн иргэний дайн Израйльд аюул учруулахгүй

img

Израйлийн Ерөнхий сайд Беньжамин Нетаньянху Москва хотноо төрийн айлчлал хийжээ. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан байна. Удирдагчид Ливаны “Хезболлах” бүлэглэл болон Сирид үргэлжилж буй дайны талаар ярилцсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Тэд цаг орчим ярилцсан бөгөөд Ерөнхий сайд ганцаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Путин “Хезболлах” бүлэглэлийн зэвсэгтэй болох бүхий л гарцыг хаахаа мэдэгдсэн. Мөн Сирийн иргэний дайн Израйль улсын аюулгүй байдалд заналхийлэхгүй гэдгийг батлан өгүүлсэн. Путиний үг олон мянган израйльчуудын сэтгэлийг зовиурыг багасгаж байгаа байх” гэж хэлжээ.

 

“Хезболлах” бүлэглэл палестинчуудаас дутахааргүй Израйлийн толгойг өвтгөдөг. Тус бүлэглэл 2006 оноос Израйлийн газар нутагт халдах болжээ. Сирийн иргэний дайны дараагаас тус бүлэглэл Ассадын цэргүүдтэй зэрэгцэн босогчидтой тулалдах болжээ.

 

Израйль улс Сирийн иргэний дайнд оролцох, цохилт өгөхөөс татгалзсан юм. Ирэх зургаадугаар сард 7-нд ОХУ, Израйлийг дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Энэ үеэр Ерөнхий сайд дахин Москва хотноо төрийн айлчлал хийх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ