Путинтэй барьцсан Обамагийн шийдвэр

Обама цэргийн албан хаагчдаа Сири рүү илгээхээр болжээ. Мөн Женевийн уулзалт дахин хойшлов. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Пентагон энэ сарын эхээр хэт даврагчдыг буулган авах шинэ төлөвлөгөөгөө танилцуулах болно хэмээн мэдэгдсэн. Олон улсын анхаарлыг татаад байсан уг оньсогоны хариуг Ерөнхийлөгч Барак Обама задаллаа. Ойрхи Дорнодыг заналхийлээд буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хүчийг сулруулахын тулд Обама Сири улс руу явган цэргээ илгээх тушаалд гарын үсэг зуржээ.
АНУ, Сирийн асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэл явган цэргээ тус улс руу илгээгээгүй байсан. Эхний ээлжинд АНУ-ын Тусгай албаны 250 цэрэг Сирид очиж, хэт даврагчдын эсрэг тулалдах хэцүүхэн даалгавартай нүүр туллаа. Цэргүүд өнгөрсөн оны тавдугаар сард тус бүлэглэлд алдаад байсан Ракка хотыг чөлөөлөх гэнэ. Ракка хот Сирийн хамгийн эртний хотуудын нэг бөгөөд түүхийн гэрч болсон олон дурсгалт барилга, байгууламжууд бий. Хэт даврагчид тус хотыг эзэлснийхээ дараа төв баазаа барьж, амиа золиослогч болон хэт даврагчдыг бэлдэх болжээ. Мөн тэд Ракка хотыг гартаа оруулсныхаа дараа 512 хүнийг цаазалсан байна.
Обама Их Британи дахь төрийн айлчлалаа дуусгаад Германд ирэх үедээ дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Тэрбээр Германы Канцлер Ангила Меркелтэй уулзах үедээ өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулсан байна. Канцлер, Обамагийн шийдвэрийг “Зөв цагт гаргасан зөв шийдвэр” гэж мэдэгдсэн тухай Германы “BILD” сонин бичжээ.
Британийн эрх баригчид мөн Обамагийн шийдвэрийг дэмжсэн бөгөөд энэхүү ажиллагаанд Британийн тусгай хүчинг оролцуулах саналтай буйгаа Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэн байна. Обамагийн эрх мэдэл ирэх арваннэгдүгээр сард дуусна. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд Ойрхи Дорнодын асуудалд гол анхаарлаа хандуулж, АНУ болон Их Британийн эхлүүлсэн Иракийн дайнаас дутахааргүй томоохон дайныг Сирид эхлүүлсэн гэхэд болно. Уг ажиллагаанд алдаа гарсны улмаас зэвсэгт бүлэглэлүүд улам хүчирхэгжиж, олон улсын толгойны өвчин болсон Исламын улс гэх бүлэглэл бий болсон юм. Тус бүлэглэл 2014 оны есдүгээр сард Сири, Иракийг дамнасан “Халифын вант улс” бий болгосноо зарласан. Обама мөн өнгөрөгч долоо хоногт Ирак улс руу 200 цэргийн албан хаагч болон найман ширхэг “Апаче” гэх нисдэг тэрэг илгээх тушаал буулгасан. Цэргийн ажиллагааны нууцад хамааралтай учир уг мэдээллийг Пентагон ил болгохоос татгалзсан.
Цэргүүд Иракийн хамгийн том хотуудын нэг Мосул хотыг чөлөөлнө. Хэт даврагчид Мосул хотыг энэ оны эхээр эзлэн авч, тус хотын 1000 гаруй иргэнийг цаалзалсан байна. Амиа алдагсдын ихэнх нь эмэгтэйчүүд байжээ. Обамагийн шийдвэр гэнэтийн бас аюултай байгааг олон улсын цэргийн эвсэл мэдэгдэж байна. “Ракка болон Мосул хотыг чөлөөлөх хангалттай боломж байсан. Хэт даврагчид эдгээр хот руу давших үед хэт даврагчдын хүчийг сулруулах боломж байсан” хэмээн нэгэн гэрч мэдэгджээ. Ийнхүү Сирид байрлах АНУ-ын цэргийн тоо 300 боллоо. АНУ өнгөрсөн оны зургаадугаар сард Сирийн армид зөвлөгөө өгөх 50 цэргийн албан хаагчаа илгээсэн билээ.
“AFP” агентлаг “Обама Оросууд буюу Путинтэй барьцсан” гэж мэдээлсэн байна. Учир нь Оросууд, Сирийн армийнханд агаараас дэмжлэг үзүүлж, 2000 жилийн түүхтэй Пальмира хотыг чөлөөлсөн билээ. Уг цэргийн ажиллагаа амжилттай болж, дэлхийн өвийг авч үлдсэнийх нь төлөө НҮБ хүртэл Орост талархал илэрхийлсэн. Харин АНУ өдөр шөнөгүй Сирид цохилт өгч байгаа ч хараахан магтаал хүлээн аваагүй байна.
Обамагийн шийдвэртэй зэрэгцэн Женев хотноо үргэлжилж буй Сирийн энхийн хэлэлцээр дахин хойшлов. Хэлэлцээр гуравхан өдөр үргэлжлээд дахин хойшилсон нь НҮБ-ыг бухимдуулж байна. Женевийн уулзалт дахин гацсан нь Сирийн сөрөг хүчнээс болсон хэмээн Сирийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стаффан де Мистура мэдэгдлээ.
Сирийн сөрөг хүчний “Эр Рияд” бүлэглэл “Техникийн чанартай хэд хэдэн асуудлыг авч үзэх хэрэгтэй байна. Мөн уулзалтын үеэр танилцуулж буй баримт бичиг хэтэрхий нэг талыг барьсан байна” гэж мэдэгдээд, уулзалтыг орхин гарчээ. Мистура “Эр Рияд” бүлэглэлийн үйлдлийг “Дипломатын шившигт явдал” хэмээн тодорхойлоод “Хэлэлцээр гарц олохын тулд цаашид үргэлжилсээр байх болно” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ