1072 хувьцааны дансыг яаралтай нээлгэх шаардлагагүй

img

Гэрэл зургийг MPA.MN

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолуудын хүрээнд тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд бүртгэж, баталгаажуулсан болно.

 

Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нь хаалттай хувьцаат компани буюу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй компани юм.

 

Гэтэл сүүлийн үед үнэт цаас эзэмших дансыг яаралтай нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх нь баталгаажих, ингэснээр мөнгө болох мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тарааж, түүгээр далимдуулан үнэт цаасны данс нээж буй талаар иргэдээс Монголын хөрөнгийн биржид хандан лавлагаа авах, мэдээлэл ирүүлэх боллоо.

 

Үнэт цаасны арилжаанд оролцох, хувьцаа худалдах болон худалдаж авах зорилгоор Хорооноос тусгай зөвшөөрөл авсан, Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй үнэт цаасны компаниар дамжуулан үнэт цаасны дансыг нээлгэх эрх нь иргэдэд нээлттэй хэдий боловч зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмших, түүнийг бусдад арилжаалахтай холбоотойгоор нэн даруй данс нээлгэх шаардлагагүй болохыг мэдэгдэж байна.

 

Иргэн таны эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.3-т Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхаар заасан болохыг анхаарна уу.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyu:
Ali ni vnen ym bee 1072 xuwitsaanii dans neelgeh yuu vgvi ymuu oilgohoo bailaa
2018-10-27
Балдырган:
Дансаа хэзээ ч нээлгэж болох юмуу?
2018-09-05
Nar:
Ene huuchin medeegee ustgaach esvel arhiv ene terd hiigeech
2018-08-01
Иргэн:
Урт цагаан дээр очиод үзээ. Тэнд жагсаал цуглаан болж байгаа юм шиг иргэд өдөр шөнөгүй оочерлож байна. Хэн нэг хятад нь 1 сая төгрөгөө өгөөд 1072 ширхэг хувьцааг ирээдүйд үнэт цаас арилжих эрх нээгдэхэд нь худалдаж авна гээд ийм ирээдүйд хэрэгжих эрхийг худалдаад авчихсан байхад яах юм бэ. Засаг төр нь засаглаж чадахгүй болохоор нийгэмд ийм зүйл ихээр гарах юм даа.
2016-04-25