Хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлнэ

img

 

Монголын улаан загалмай нийгэмлэг болон  Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны уриалгыг Америк, Канад, Англи, Финлянд,  Швед, Япон, Дани, Норвеги, Монако, БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгүүд болон Европын холбооноос дэмжин хүлээн авч, малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Нийт 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламжийг 17 аймгийн 106 сумын 5400 малчин өрх хүлээн авах юм.  2015 оны 12 дугаар сараас эхлэн МУЗН-ийн болон Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны хамтарсан баг өвөлжилт хүндэрсэн Увс, Завхан, Булган, Архангай, Төв аймагт Онцгой байдлын ерөнхий газартай хамтран үнэлгээ хийж, малчин өрхийн хэрэгцээ, амьжиргааны төвшинг судалсан юм.

 

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу /16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл,  өрхийн нэг гишүүнд ноогдох малын тоо дунджаар 20  бол  нэн тэргүүнд тусламж хүртэлх шаардлагатай өрхөд хамаарна/ аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмай хороо хамтран 5400 малчин өрхийг сонгож, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

 

Мөн “Жи-мобайл”  үүрэн  телефоны компанитай хамтран малчдаас нэн тэргүүнд ямар тусламж хэрэгтэй байгаа  талаар судлахад  нэгдүгээрт,  бэлэн мөнгө, хоёр, гуравдугаарт, хүнс, өвс тэжээл шаардлагатай гэж хариулжээ.

 

Энэхүү судалгаанд үндэслэн Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо  болон  Монголын улаан загалмай нийгэмлэгээс  3500 малчин өрхөд 192 мянган  төгрөг,  1600 малчин өрх тус бүрт хүнсний багц, нэмж 64 мянган  төгрөгийн яаралтай тусламжийг Хаан банкаар дамжуулан хүргэж эхэлсэн.   Одоогийн байдлаар  300 сая төгрөгийн  хүмүүнлэгийн тусламжийг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 8 аймгийн 106 сумын 1767 малчин өрхөд хүргээд байна.  

 

Хүмүүнлэгийн тусламжийн хоёрдугаар шатанд  Онцгой байдлын газар,  Хүнс хөдөө аж ахуйн яамнаас аас ирүүлсэн мэдээллийг үндэслэн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Архангай, Завхан, Ховд, Булган, Төв, Говь-Алтай, Дорноговь, Баян-Өлгий, Хөвсгөл, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 17 аймгийн нийт 3200 малчин өрх тус бүрт 192 мянган  төгрөгийн  бэлэн мөнгийг сумын Хаан банкаар дамжуулан хүргэх, Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн нийт 400  малчин өрхөд хүнсний багц болон 64 мянган  төгрөгийн  тусламжийг үзүүлэх бэлтгэл ажлыг хийж байна хэмээн   Монголын улаан загалмай нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ