1072 ширхэг хувьцааг арилжаалаагүй

img

 

1072 ширхэг хувьцааны асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны хяналтын хэлтсийн  дарга Б.Долгорсүрэн, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дугарсүрэн нар оролцов.

 

Хувьцааны арилжаа эхлээгүй

 

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны  хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн

 

-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг холбоотой үнэн зөв асуудлыг мэдээлэл хүргүүлэхээр мэдээлэл хийж байна. 2012 оноос хойш Монгол Улсын 800 мянган иргэн үнэт цаасны төлбөр тооцооны төвд харилцах дансаа нээсэн байгаа. Гэтэл сүүлийн үед үнэт цаас эзэмших дансыг нээлгэснээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа, түүний өмчлөх эрх нь баталгаажина. Үүний дүнд мөнгө болон зарах буюу захиран зарцуулах эрх нээгдэж байгаа гэдэг төөрөгдсөн мэдээлэл олон нийтийн дунд маш хүчтэй тархсан байна. Энэхүү хувьцаа нь өөрөө Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа. Энэ тийм амар ажил биш. Нэгдүгээр компанийн эрх бүхий албан тушаалтныш шийдвэр гарах ёстой. Хоёрдугаарт бизнес үнэлгээ хийгдэнэ. Гуравдугаарт өнөөгийн болон ирээдүйн арилжааны үнэ цэнийг харгалзаж хувьцааны үнэ зах зээл дээр тогтох ёстой  байдаг. Түүнчлэн Засгийн газрын холбогдох шийдвэр гарснаар хувьцааг арилжаалах эрх нээгдэнэ. Тиймээс хувьцааны арилжаа эхлээгүй байхад олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь иргэдийг үнэт цаасны зах зээлд итгэх итгэлийг бууруулах, Төрийн шийдвэрийг буруугаар ойлгуулах үйл явдал болж байна. Одоогийн байдлаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны 2 дахь зах зээлийн асуудал шийдэгдээгүй байхад иргэн 1072 ширхэг хувьцаатай холбоотой дансыг нээлгэх гэж хуурамч мэдээлэлд автан яарч сандрах хэрэггүй.

 

1072 хувьцааг мөнгөөр солиогүй

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр 

 

-Арилжаа эхлээгүй байгаа, захиран зарцуулах эрхгүй хувьцаа байгаа гэдэг мэдээллийг бид арав хоногийн өмнө өгч байсан. Үүнээс хойш 10 хоног өнгөрөхөд цугларсан иргэдийн тоо буурахгүй байна. 1072 ширхэг хувьцааны дансыг нээх ажил өнөөдөр гэнэт эхэлчихсэн юм биш шүү дээ. 2011 онд УИХ-ын тогтоол гарсан, 2012 онд Засгийн газрын тогтоол гарсны дагуу үнэт цаасны дансыг нээх үйл ажиллагаа явагдсаар ирсэн. Гэтэл сүүлийн үед иргэд үнэт цаасны данс нээснээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаагаа баталгаажуулж бэлэн мөнгөөр худалдаалж болж байна гэдэг ойлголттой болчихсон байна. Тийм зүйл байхгүй. Энэ хувьцаа өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй. Тодруулбал, өвлүүлэх, бэлэглэх, арилжаалах эрхгүй гэсэн үг. Аливаа хувьцаа арилжаалахдаа Хөрөнгийн биржээр явдаг юм. Гэтэл энэ хувьцаа чинь Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд ч бүртгэлгүй. Тэгэхээр бүртгэлгүй хувьцааг өнөөдөр зарна гэдэг чинь хууль бус. Үүнийг иргэд анхаараасай. Үнэндээ манай ард иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаархи мэдлэг дутуу. Үүнийг нь дэвэргээд цуу яриа тархаад байна. Түүнээс өнөөдөр авчихсан, зарчихсан хүн байгаа юм уу гэвэл байхгүй шүү дээ.

 

Хувьцаа арилжаалсан үйлдэл тогтоогдоогүй

 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Д.Дугарсүрэн

 

-Манай цагдаагийн хэлтсээс үнэхээр энэхүү хувьцааг арилжаалж буй эсэхийг шалгаж байгаа. Шалгалтын явцад одоогоор арилжаалсан үйлдэл тогтоогүй байна. Арилжааны эрх нээгдээгүй хувьцаа борлуулж байна гэсэн цуу ярианд иргэд итгээд бөөгнөрөл үүсгээд олноороо цуглараад байгаа юм. 8888 дугаарын машинтай хүн, эсвэл 9911 гэсэн дугаартай утаснаас тийм хүн яриад хувьцаа худалдаад авчихлаа гэх зэрэг яриа гарсан. Энэ бүхэн шалгалтаар тогтоогдоогүй. Тэгэхээр энэ бол ор үндэсгүй худлаа, төөрөгдөл гэж ойлголж болно. Худал цуурхлын дагуу бөөгнөрөөд байгаа иргэд одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Зах зээл нь нээгдээгүй, зөвхөн хувьцааны дансыг нээнэ гэсэн асуудлыг буруу ойлгоод арилжаалж байна гэдэг ойлголт аваад байгаа энэ байдлаа яаралтай зогсоож өгөөсэй. Зарим нэг үймүүлэх гэсэн хүмүүс завсраар нь худлаа мэдээлэл тараагаад байна. Шалгахаар тогтоогдохгүй байгаа юм.

 

Үнэт цаасыг худалдах болон худалдан авах зорилгоор зөвшөөрөл авсан 62 брокер диллерийн компани байдаг аж. Энэхүү компаниудад иргэн бүхэн хандаж “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны  харилцах дансаа нээлгэх эрхтэй. Данс нээх үйл ажиллагаа одоо ч явагдаж буй.  Цаашид ч үргэлжлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Цуу тарааж байгааг шалгах хэрэгтэй
2016-04-26