Барилгын ослыг бууруулна

img

 

Манай улсад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны норм журам алдагдсанаас уул уурхай, зам барилгын салбарт осол эндэгдэл гарах нь их.  Барилгын салбарт гэхэд л сүүлийн 10 жилд нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөн нас барж, 130 хүн тахир дутуу болсон бол 272 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан ажээ. Дээрх осол эндэгдлийн тоон судалгаанаас үзэхэд барилгын салбар ийнхүү эрчимтэй хөгжихийн хэрээр барилгын талбай дээр гарч буй осол, эндэгдлийн тоо өсөх хандлагатай болжээ. Иймд энэхүү асуудлыг яаралтай шийдэх, барилгын осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх явдал зүй ёсоор тавигдах болж байна. Энэ асуудлын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-аас Монгол Улсын БХБЯ, МХЕГ, Барилгын хөгжлийн төвтэй хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” нэгэн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

 

Өнөөдөр БХБЯ дээр гарын үсэг зурснаар энэхүү төсөл  ирэх дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих юм. 

 

“Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөрийн яам, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци бусад холбоодууд хамтран ажиллах юм байна.

 

Уг төслийн зорилго нь БХБЯ, БХТ, МХЕГ байгууллагуудын барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх бодлого төлөвлөлт, сургалт, талбайн зааварчилгаа, хяналтын чадавхи дээшилнэ гэж үзэж байгаа аж.

 

Харин уг төсөл хэрэгжсэнээр хэд хэдэн үр дүнд хүрнэ гэж тооцоолжээ. Тухайлбал, барилгын талбай дахь осол гэмтлийн талаарх статистик тоо баримт, осол гэмтлийн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээн дээр үндэслэсэн барилгын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг боловсруулагдана. Мөн төр захиргааны ажилтан болон барилгын компанин ХАБХ-ын ажилтнуудад зориулсан барилгын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалтын талаарх сургалтын тогтолцоо систем, удирдамж, кейс судалгааны товхимлууд сайжирах юм. Барилгын загвар талбайд практик сургалт зохион байгуулагдаж, сургалтын агуулга болон  удирдамж, кейс судалгааны товхимлууд үр дүнд хүрнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ осол чинь буурахад их хэцүү дээ. Учир нь энэ олон том компани нэрийн дор дандаа би чадна багийнхан ажилладаг учир. Яг өөрийн үндсэн ажилчидтай, бүх юмаа хийгээд явдаг барилгын компани тун цөөхөн шүү. Одоо зөвхөн ашиг харсан, том нэрийн дор конторын хэдэн хүнээс өөр үндсэн ажилчингүй барилгын компани олон байна шүү.
2016-04-26