“Шоронгийн хуулиа тат”

Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох тухай заалтыг Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан. Улмаар УИХ, Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яаманд хуулинд өөрчлөлт оруулах шаардлага хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй аж. Иймд өнөөдөр 13.00 цагаас 16.00 цагийн хооронд “Чингисийн талбай”-д жагсаал зохион байгуулахаар болжээ.
Эрүүл мэндийн ажилтын ҮЭХ-ны гишүүд болон тус салбарын ажилчид “Чингисийн талбай”-аас Эрүүл мэнд, спортын яамны гадна очиж Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах юм байна. Энэхүү жагсаал, цуглаан нь орон даяар өрнөж 21 аймаг, хөдөөгийн зарим суманд нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй аж. Жагсаалд Төв аймаг болон Багануур дүүрэг зэрэг орон нутгийн болон нийслэлийн 11 мянга гаруй эмнэлгийн ажилтны төлөөлөл оролцож байна.
Жагсаал зохион байгуулж буй шалтгаанаа эмч, мэргэжилтнүүд ийн тайлбарлаж байна.
Ажил хаяж магадгүй
Эрүүл мэндийн салбарын ҮЭХ-ны дарга Б.Мягмар
-Энэ хуулин дахь 15.1 дүгээр заалт бол эмнэлгийн ажилтнуудын эрх ашигт ноцтой хохирол учруулахаар байна. Нөгөө талаасаа шударга бус заалт болсон гэж бид үзэж холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн боловч ямар ч хариу ирээгүй. Тиймээс манай төв хорооны зүгээс тэмцлийн дараагийн хэлбэрт шилжлээ. Өдөр бүр цаг наргүй ажиллаж байгаа 47 мянган эмч, эмнэлгийн ажилчид санаатайгаар хүний амь насыг авардаг болохоос санаатайгаар хүний эрүүл мэндийг хохироодоггүй. Ийм байтал санаатай гэмт хэрэгтнүүдтэй зэрэгцэхүйц ял оноож байгааг эсэргүүцэж байна. Нөгөө талаасаа үндсэн хууль зөрчиж байна гэж манай эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Өчигдөр бид Хууль зүйн сайдтай уулзсан. Тэгэхэд ялын бодлого дэндүү хүндэджээ гэдгийг сайд хэлж байсан. Эмч, эмнэлгийн ажилтнууд хариуцлагаас бултах гээд байгаа шиг зүйлийг зарим улстөрчдийн зүгээс ярьж байна. Эмч нар угаасаа тангараг өргөсөн ажилтнууд. Ийм байтал шоронжуулсан хууль баталж, хүндэдсэн ял оноосон нь өнөөдөр шударга ёсонд нийцэхгүй байна. Түүнээс биш эмч нар хариуцлага хүлээхгүйн тул эсэргүүцээд байгаа юм биш. Энэ жагсаал үр дүнгээ өгөхгүй бол өлсгөлөн зарлах, ажил хаях зэрэг олон тэмцлийн хэлбэрийг ажилчид хэлж байна. Төр засаг өнөөдөр эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ачааллыг бууруулах, ажиллах орчин нөхцлөөр нь хангаж чадаагүй байж эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцож байгаа учраас тангараг өргөсөн эмч нар ажил хаях ёсгүй гэх үндэслэл байхгүй.
Эмч нарт 20-80 сая төгрөг байхгүй
-Бид хариуцлага хүлээхгүй гэсэнгүй. Холбогдох хууль тогтоомж санаачилж, баталж байга нөхдүүд маань судлаад үзэх юм бол бид хариуцлага хүлээсээр ирсэн. Тийм байтал Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.1 –т эмч мэргэжилтэн 1-3 жилээр эрхээ заавал хасуулаад 20-80 сая төгрөгийн торгуулийн ялыг төлөхөөр заасан байна. Энэ мөнгө манай салбарынханд үнэхээр байхгүй. Эмнэлгийн ажилчид өнөөдөр маргаашаа л гэж байгаа хүмүүс. Гэтэл энэ мөнгө нь байхгүй бол шүүхээс 2-8 жил хорих ялыг оногдуулна. Тэгэхээр мөнгөгүй эмч хүн алдаа гаргасан бол ерөөсөө л шууд шоронд явах нөхцөл бүрдээд байна. Тиймээс шударга ёсонд нийцүүлж, ялын бодлогыг хөнгөрүүлж өгөөч гэдэг асуудлыг тавьж байна. Хамгийн гол бидний тэмцэх болсон шалтгаан бол гэм буруутай үйлдлийг нь санаатай гэдэг ангилалд авч үзэээд байгаа юм. Эмч хүн эмчлэхсэн л гэж зорьдог шүү дээ. Гэтэл бусад болгоомжгүй хэрэгт 5-7 жилийн ял өгөөд тэнсэх эрхтэй байтал эмч нар хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаад болгоомжгүй үйлдэл гаргаснаасаа 2-8 жилийн ял эдлэнэ. Дээр нь тэнсэх эрхгүй, ялаа биечлэн эдлэх болоод байна. Тэгэхээр бид үүнийг л эсэргүүцэж байгаа юм.
Гадны хуулийг хуулбарлахаа боль
Залуу мэс засалчдын холбооны тэргүүн Д.Сэргэлэн
-Миний хувьд залуу мэс заслын эмч. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар залуу эмч нар өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллахад маш хүндрэлтэй болж байна. Бид 6 жил сураад 2 жил хөдөө орон нутагт ажлана. Үүний дараа дахиад 2 жил мэргэжил дээшлүүлэх гэж сурдаг. Ингээд 9 жил сурсаны эцэст мэргэжлээрээ ажиллах гэхэд Монголын хөрсөнд суугаагүй хууль тогтоомж гаргаж байгаа нь асуудалтай юм. Энэ хуулийг гаргахдаа зүгээр л гадны хуулийг хуулбарласан мэт харагдаж байна. Гаргасан хуулийг нь судлаад үзэхэд Герман, Солонгосын хуулийн заалтаас хуулбарласан нь мэдэгдсэн. Бидэнд ерөөсөө 50 сая төгрөг өг. Эсвэл шоронд суу гэдэг хоёр л сонголт тулгаад байна. Бид бүгд л байрны зээлтэй залуу хүмүүст үнэхээр хүнд хуулийн заалт юм. Үүнийгээ больмоор байна. Бид цаашдаа шат дараалсан арга хэмжээг авч тэмцэнэ. Бидний тэмцлийг Ч.Сайханбилэг харах, сонсох ёстой.
Ядаж тэнсэн үлдээх хэрэгтэй
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа
-Эмч нар эрхээ хамгаалах нь зөв. Хуулийн хамгийн буруу зүйл нь эмч нарын ажлын байрны алдаа дутагдлыг уг нь бол зөрчлийн хуулиараа зохицуулах ёстой. Гэтэл одоогийн энэ хууль, тогтомжоор бол эрүүгийн хууль руу яваад орчихож. Энэ бол томоохон гажуудал. Бас нэг буруу зүйл нь Эрүүл мэндийн яам салбар дотроо асуудлаа шийдэх ёстой. Салбар дотор асуудал шийдэгдэхээ байвал Эрүүгийн хуульруу орж болно. Гэхдээ эхлээд салбарынхаа байнгын тогтвортой үйл ажиллагаатай хариуцлагын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Хуулиар далайлгаж асуудлыг шийднэ гэдэг бол хамгийн буру шийдэл. Ийм буруу шийдлээр эмч нарыг айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явуулаад байхаар эмч нар өөрсдийнхөө хүчин чармайлтыг 100 хувь гаргахгүй. Зөвхөн хэрэгт орохгүй, арьсаа хамгаалах төдийхнөөр ажиллах болно. Бид энэ зүгт явах гээд байна уу гэж харамсаж байна. Тиймээс энэ хуулийг эргэж хараад зүйл заалт дээр өөрчлөлт оруулах шаардлагтай. Дор хаяж тэнсэнгийн боломжийг нь үлдээх хэрэгтэй. Зарим зөрчлийг нь зөрчлийн хууль руу шилжүүлэх хэрэгтэй байгаа юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ