Нэр дэвшигчид “жижиг 76”-д чихэлдэх үү?

img

УИХ өнөөдөр Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар Сонгуулийн хуулиас намын жагсаалтыг хасах ажил эхэлнэ. Намын жагсаалтын 28 мандатыг хаана шингээх талаар улс төрийн намууд тус тусын шийдлээ хэлэлцжээ. Одоогийн үйлчилж байгаа хуулиар сонгууль 26 тойргоор явагдана. Намын жагсаалтыг хассанаар 28 мандатыг дээрх тойргуудад хуваарилах боломжтой гэж МАН-ын бүлэг үзэж байсан. Тус намын бүлэг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тооноос хамаарч орон нутагт 20, нийслэлд 8 мандатыг хуваарилан зохицуулалт хийж болно гэсэн байр суурьтай байлаа.

 

Харин УИХ дахь АН-ын бүлгийн тухайд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авна гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байлаа. Гэхдээ эрх баригч хийгээд сөрөг хүчин тохироогоо хийсэн гэх бор шувуу Төрийн ордонд нисч байна. Хуульд өөрчлөлт оруулахдаа 26 биш жижиг 76 тойргоор сонгуулийг явуулах аж.

 

Учир нь энэ хоёр намд ижил зовлон байгаа. Тэр нь намын жагсаалтад багтаахаар товлосон гишүүддээ хариу барих. АН, МАН-аас намын жагсаалтаар парламентад баталгаатай сонгогдох нь “айргийн тав-д, ухарлаа гэхэд 10 дотор багтахаар өнгөрсөн хугацаанд намдаа төрөл бүрийн хэлбэрээр хандив тусламж үзүүлж үйлчилсэн байгаа. Харин одоо дээрх гишүүддээ нам нь “өр”-тэй, “өр”-өө төлөх ч ёстой цаг ирээд байна. Гэтэл энэ үед Цэц иргэдээс ирсэн маргааны хэлэлцэн Сонгуулийн хуулийн намын жагсаалтаар сонгогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэчихсэн.

 

Тиймээс АН, МАН тохиролцоо жижиг 76 тойрог дээр санал нэгдэж, жагсаалтын 28 мандатыг эн тэнцүү хуваан авч, цаашлаад намын жагсаалтад багтаах тохирсон эрхмүүдээ тойрог руу нь  гулсуулан зохицуулалт хийхээр болжээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хороогоор ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхэд М.Батчимэг, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан нарын гишүүн эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, ардчиллын хөгжлийн зарчмаараа ухарсан үйлдэл гэдгийг онцолж байлаа. Мөн “Шударга ёс” бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар ч улс төрийн хүчнүүд “Цэц захиалгат гэмт хэрэг үйлдлээ, ардчиллыг боомилж, олгархиудыг өөгшүүллээ. Мажораториар сонгууль явуулснаар эмэгтэйчүүдийн төрд төлөөлөх оролцоо багасана. МАНАН-ын захиалгаар хийгдсэн зүйл” хэмээн шүүмжилж байсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд “Намын жагсаалтыг хэвээр үлдээж, харин жагсаалтад нэр дэвших эрхмүүдийн нэрийг саналын хуудсанд бичсэнээр намыг бус нэрийг дугуйлна. Ингэснээр сонгогчдын хамгийн олон санал авсан дарааллаар нь эрэмбэ тогтоож явах хэрэгтэй. Түүнээс бус нам нэрсээ эрэмбэлэхгүй. Энэ саналаа намуудад тавина” гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ түүний санал намуудын дэмжлэгийг авна гэхэд найдвар бага. Учир нь АН ч, МАН ч сонгуульд дангаар өрсөлдөнө. Тиймээс энэ хоёр намд амь амиа бодох зарчим үйлчлэхээс бус хөндлөнгийн санал үйлчлэхгүй.

 

Сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 28 буюу маргаашийн дотор намууд сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдэнэ. Цаашлаад ирэх сарын 10-н гэхэд нэр дэвшигчээ тодруулах хуваарьтай.  

 

УИХ дээрх хугацаанаас өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, тойргоо хуваарилан батлах юм.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
99 ГИШҮҮНТЭЙ БОЛЬЁ ОО
2016-04-27