Салахын шүүх хурал Францад болно

img

Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг Францын талд шилжүүлэн өгөхөөр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Бельгийн цагдаагийнхан Салахыг өнгөрсөн сарын 24-нд Брюссель хотоос баривчилсан юм.

 

Аюулгүй байдлын үүднээс Салахыг хэзээ Франц руу шилжүүлэхээ Хууль зүйн сайд Жан Жак Юрвоас мэдэгдэхээс татгалзжээ. Гэхдээ албаны эх сурвалж “Ирэх сарын 20-нд Францад Салахын анхны шүүх хурал болно. Шүүх хурал болохоос долоон хоногийн өмнө Салахын Францад авчрах байх” гэж мэдэгдсэн байна.

 

Францын Хууль зүй яам Салахыг баригдсаны дараа Парисын халдлагатай холбоотойгоор түүнээс байцаалт авах хүсэлтэй буйгаа Бельгийн эх баригчдад гаргажээ. Салах анхны байцаалтынхаа үеэр “Парисын халдлагад оролцож, цэнгэлдэхийг дэлбэлэх ёстой байсан ч эцсийн мөчид шийдвэрээ өөрчилсөн” гэж ярьжээ. Түүнийг баригдсаны дараахан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Брюссель хотноо дарааллан халдлага үйлдэж, 35 хүний аминд хүрсэн юм.

 

Хуульч Франк Бертон “Салах батлан даалтаар гарах сонирхолтой байгаа” гэсэн бол Ерөнхийлөгч Франсуа Олланд “Салах бол бидний дайсан. Энэ залуу хийсэн хэргийнхээ төлөө шоронд хоригдож, насан туршдаа харамсах ёстой” гэж мэдэгджээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ