Цагдаагаас төрсөн генералууд

img

Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байсан түүхтэй. Харин цэргийн дээд цол генерал гэдэг эрхэм хүндэтгэлтэй цолыг олгож эхэлсний 60 жилийн ойг 2004 онд анх удаа ёслол төгөлдөр хийснээс хойш жил бүр энэ баярыг тэмдэглэх болжээ. Генералуудын өдөр өнөөдөр тохиож байна.

 

 

Генерал цолтонтой найман байгууллага байдгаас Монголын Цагдаагийн байгууллагын түүхэнд 17 генерал цолтон төрөн гарчээ. Хамгийн анхны цолыг хошууч генерал С.Бүдрагчаа 1971 онд хүртэж байсан бол хамгийн сүүлд 2010 онд Т.Хүрэлбаатар, А.Дулаанжаргал, 2011 онд М.Ганхүү, 2013 онд Б.Билэгт нар шагнагдсан байна. Монголын Генералуудын өдрийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар генералуудаа хүндэтгэн хүлээн авч уулзсан юм. Мөн Цагдаагийн байгууллагаас төрөн гарсан генералуудын ажил, амьдралын түүхийг өгүүлэх ном хэвлэгдсэн байв.

 

Гэвч Цагдаагийн байгууллагаас дахин генерал цолтон төрөх боломжгүй юм байна. Учир нь 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хуулиар Цагдаагийн байгууллагын даргад генерал цол өгөхгүй харин тэргүүн комиссар болохоор заажээ. Энэ нь ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахиулж байгаа хамгийн том байгууллагын сүр хүч, сүлд хийморийг дорд үзэж байгаагийн шинж хэмээн үзэх хүмүүс олон. Тиймээс Цагдаагийн байгууллагын шинэчилсэн найруулгын тухай хуулийг Засгийн газарт өргөн барьсан ч шийдэгдэхгүй байгаа аж.

 

Энэ арга хэмжээнд найман генерал хүрэл­цэн ирж оролцсон нь сүр жавхлантай байв. Уулзалтын үеэр бригадын генерал А.Дулаанжаргалтай ярилцлаа.

 

 

А.Дулаанжаргал: ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ АХАЛЖ НОЦТОЙ ОЛОН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖ ЯВЛАА

 

-“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэсэн үг байдаг. Бригадын генералын ажлын анхны гараа хаанаас эхэлсэн бэ?

 

-Монголын Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн маргааш/өнөөдөр/ Монгол төрд генерал цолтон бий болсны 72 жилийн ойн баярын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Цагдаагийн байгууллагаас төрсөн генералуудаа одоогийн удирдлагууд хүлээн авч уулзаж байна.

 

Миний бие Цагдаагийн байгууллагад 1978 оноос эхлэн ажилласан. Анх Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуулийг төгсөөд дотоод явдлын яамны академид Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод суралцаж байсан. Сургуулиа төгсч ирээд Дархан-Уул аймагт өмчийн ахлах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлсэн. Цагдаагийн байгууллагад 2012 он хүртэл ажиллахдаа 2010 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цэргийн дээд цолыг хүртэж байлаа.

 

2012-2015 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад дипломат албаны хугацаа дуусч 2015 оны долдугаар сард эх орондоо ирсэн. Одоо Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл дүн шинжилгээний албаны даргаар ажиллаж байна.

 

Энэ баярт өдрийг тохиолдуулан Монголын цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд ажлын их амжилтыг хүсье.

 

-Цагдаагийн байгууллагад ажиллаж гэм хэргийг таслан зогсоох, илрүүлэхээр гар бие  оролцон ажиллаж байсан  үеэ  дурсаач.  Одоо  эргээд  харахад  хэрхэн  ажилласан  гэж  дүгнэх бол?

 

-Намайг ажиллаж байхад Монголын цагдаагийн байгууллагын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хоёр ажлын хэсэг байсан. Нэгийг нь би, нэгийг нь Д.Мөрөн хурандаа ахалж байсан. 1990-ээд оны үед гарч байсан онц ноцтой хэргүүдийг улсын хэмжээнд илрүүлдэг байсан. Нэг жишээ хэлэхэд жилийн 365 хоногийн 127 хоногт нь томилолтоор явж ажилласан байдаг. Тэгэхээр тухайн үед хэрэг ямар их гарч, бид ямар хэмжээнд ажилладаг байсан нь харагдах байх. Цаг үеэ дагаад Цагдаагийн байгууллага, улс орон ч өөрчлөгдөж байна. Гэмт хэргийн гаралт ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим тохиолдолд улам ноцтой болж байна. Цаг наргүй ажилладаг цагдаагийн бие бүрэлдэхүүн бол ард түмнийхээ төлөө үйлчилгээнд зүтгэдэг гэдгийг хүн болгон харж ойлгож байгаа байх. Шинэчлэлийн асуудал нэлээд хийгдэж байх шиг байна.

 

-Залуу үеийнхэндээ ямар зөвлөгөө өгөх вэ. Цагдаагийн албан хаагч хүн ямар байх  ёстой  юм бэ?

 

-Цагдаагийн алба гэдэг хүний төлөө зүтгэдэг, нэр төртэй алба. Хүний төлөө сайн ажиллах тусам нэр хүнд өсч, албан хаагч болон цагдаагийн байгууллагыг үнэлэх үнэлэмж хамаарна гэж залууст хэлдэг. Цагдаа нар ажлаа сайн хийж, хүнд тусалж, хүний ёсоор хандаж байх хэрэгтэй.

 

-Цагдаагийн байгууллагаас төрсөн генерал бусад хүчний байгууллагын  генералаас  юугаараа онцлог, ялгаатай байдаг бол?

 

-Ажил мэргэжлийн хувьд өөр, өөрийн онцлогтой. Цэрэг эрстэй ажилладаг, ард иргэдтэй ажилладаг гэдгээрээ ялгаатай байна. Харьцаж байгаа хүрээлэл нь ч өөр байдаг.

 

Монгол Улсад генерал цолтонтой найман байгууллага байна. Иргэний нисэхийг анх генерал цолтнууд удирдаж байсан. Хил хамгаалах Ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар гээд жил бүр энэ өдөр генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг. Мөн оршин суугаа дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймгуудын ажиллаж байсан байгууллагууд хүндэтгэл үзүүлдэг. Энэ олон хүндэтгэлийг хүлээж явах үүрэг бидэнд байдаг даа.

 

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, албан хаагчдынх нь ур  чадварыг  дээшлүүлэхийн тулд ямар ажил хийх ёстой вэ?

 

-Цагдаагийн байгууллагыг удирдаж буй залуу дарга нар цаг үеэ дагаад хөгжил шинэчлэлтэй уялдуулж сайжирч өөрчлөгдөж байна. Тухайлбал, энэ онд манайд олон улсын Төрийн тэргүүнүүдийг хүлээж авах АСЕМ-ын хурал болох гэж байна. Энэ хуралтай холбогдуулан Цагдаагийн байгуул­лагын үйл ажиллагаа улам сайжирч, албан хаагчид ч өндөр төвшинд бэлтгэгдэж бай­гаа гэж бодож байна. Энэ дадлага сур­гуулилт болгон тухайн байгууллагын үйл ажиллагаатай хол­боотойгоор өөрчлөгдөх ёстой. Өөрчлөгдөж ч байгаа.

 

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ