“Союз” пуужин хөөрсөнгүй

ОХУ-ын Алс Дорнод дахь “Восточный” сансрын буудлаас “Союз” пуужинг өчигдөр хөөргөх байсан юм. Пуужинг хөөргөхөөс ганцхан минутын өмнө ажиллагааг цуцалсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч В.Путин “Техникийн алдаа гарсан гэж сонссон. Тиймээс пуужинг хөөргөөгүй” гэж мэдэгджээ.
“Союз” пуужинг хариуцсан Роскосмос төвийн дэд дарга Александр Иванов “Орт 1” сувагт “Пуужинг хөөргөх ажиллагааг нэг өдрөөр хойшуулсан. Ажиллагаа эхлэхээс өмнө техникийн асуудал үүссэн болохыг тогтоосон. Гэхдээ сансрын буудлын дэд бүтэцтэй холбоогүй” гэсэн байна. Пуужин өнөөдөр 18.00 цагт хөөрөх гэнэ.
Пуужин хөөрөх явцыг ажиглахаар В.Путин, Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу нар “Восточный” сансрын буудалд хүрэлцэн иржээ. “Тэд пуужин хөөрөх хүртэл нисэх буудалд байршихаар болсон” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ