Хугацаа хожих бус алдах “завсарлага”

img

Сонгуулийн тойрог, мандатыг цэгцлэх цаг хугацаа шаардсан асуудалтай парламент тулсан. Учир нь Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх иргэдээс ирүүлсэн маргааныг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Ингэснээр пропорцианаль систем буюу намын жагсаалтаар сонгогдох хуулийг хүлээн зөвшөөрөөгүй. Сонгуулийн хугацаа тулсан үед гаргасан ҮХЦ-ийн дүгнэлтийг гурав дахь хүчнүүд төдийгүй зарим гишүүн эсэргүүцэж байгаа. Харин УИХ дахь АН болон МАН-ын бүлэг хүлээж авахаа мэдэгдэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар ч ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжсэн юм.

 

ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл завсарлага авлаа. УИХ-ын дэгээр ажлын 5 хоногийн завсарлага авч, дахин 3 хоног сунгах эрхтэй. УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга, эсвэл дэд дарга завсарлага авахаа мэдэгдэх төдийд хэрэгждэг. УИХ-ын даргад завсарлага өгөхгүй гэх эрх байхгүй. Тиймээс хойшлуулшгүй хэлэлцэх асуудалд 5 хоногийн завсарлага авч болохгүй, хугацаагаа наашлуулан татаарай гэдэг сануулгыг “Шударга ёс” эвслийнхэнд спикер анхааруулж байсан юм. “Шударга ёс” эвслийн хувьд ҮХЦ-ийн дүгнэлтийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Намын жагсаалтыг хуулиас хасах нь ухарсан алхам гэж тэд үзэж байна лээ. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн төлөөлөл хууль боловсруулах дээд түвшинд багасна гэж байсан.

 

УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь тодорхой. Эвслийн бүлэг эсрэг байр суурьтай ч парламентад олонхи болж чадахгүй. Намын жагсаалтын 28 мандатыг одоогийн томсгосон 26 тойрогт хуваарилах уу, эсвээс жижиг 76 болгох уу гэдгийг парламент шийднэ. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг энэ асуудалд завсарлага авч, эсэргүүцлээ илэрхийлж, нөгөө талаас хугацаа хожих популизм хийж байна гэж ажиглагчид үзэж байна лээ. Ер нь мягмар гаригт эвслийн бүлэг уг асуудлыг өргөтгөсөн хуралдаан хийж хэлэлцсэн. Эвсэл дэх гишүүдийн байр суурь өөр өөр ч, олонхи нь ҮХЦ-ийг дүгнэлтийн эсрэг байгаа. Тиймээс ҮХЦ-ийн дүгнэлтэд өөр өөрсдийн өнцгөөс хандах уу, нэгдсэн ойлголтод хүрэх үү гэдгээ шийднэ хэмээн тус эвслийн бүлгийн дэд  дарга З.Баянсэлэнгэ тайлбарлаж байсан. 

 

Нөгөөтэйгүүр “Шударга ёс” эвслийн бүлэг дотроо зөрчилтэй байгаа нь хурлын ирц хүрээгүйгээс харагдана лээ. Нэгдсэн хуралдааны үеэр тус эвслийн бүлэг хуралдаж байхад О.Баасанхүү, Д.Тэрбишдагва нарын гишүүд чуулганы танхимд байсан. Цаашлаад ҮХЦ-ийн дүгнэлтээр манай бүлэг завсарлага авах шаардлагагүй байсан гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн чуулганы хуралдааны үеэр хэлж, бүлгийнхээ эсрэг дуугарна лээ.

 

“Шударга ёс”-ынхон завсарлага авч хугацаа хожих нь сонгуулийн хойшлуулах, ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй болгох алхам биш. Ер нь өөрсдөдөө төдийгүй өрөөлд хугацаа хожих бус алдах алхамд  л хүргэж буй. Сонгуулийн цаг тооллоор намууд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 10-ны дотор тодруулна. Хэрвээ эвслээс завсарлага сунжирвал Сонгуулийн хуулин дахь нэр дэвшүүлэх зэрэг зарим нэг хугацаанд өөрчлөлт оруулан сунгахаас бус сонгуулийг хойшлуулах үндэслэл болохгүй юм. Цаашлаад ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй буцаана гэвэл санасны гарз болно гэдгийг эвслийнхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа, уг нь.

 

Өнөөдөр улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д хүргүүлнэ. АН, МАН сонгуульд дангаар оролцох болсон. МАН-тай сонгуульд эвсэхээр хэлэлцэж, гэрээг үзэглэн, тамга дарахын өмнө МАХН болзлоосоо ухарсан. Тиймээс МАН сонгуульд дангаар орох болсноо мэдэгдэн, асуудлаа цэгцэлсэн бол МАХН дахин эвсэх санал тавьж эргэж буцсан билээ.

 

АН ч бусад намуудад эвсэх бус нэгдэх санал хүргүүлсэн ч Сонгуулийн хуулинд хазаарлагдаад байгаа. Тиймээс  МАХН, МҮАН, ИЗНН зэрэг улс төрийн хүчнүүд сонгуульд эвсэж орох төлөвтэй. Хичнээн намаас бүрдсэн эвсэл байгуулагдах нь өнөөдөр тодорхой болох биз.

 

Харин “Шударга ёс” эвсэл завсарлагаа дуусгаж, ҮХЦ-ийн дүгнэлтийг парламентаар хэлэлцүүлж, шийдэлд хүргэхгүй  хүлээлт үүсгэх шаардлага байна уу.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ялах ард түмэн яаараагүй байхад Унах олигархиудл юундаа яарна вэ
2016-04-28
иргэн:
Энэ сэтгэгдэл бичигб нар үнэн тэнэгтэж байнаа_Баянсэлэнгэ мэтийн балайгаар төр барилцуулах гэж яасан их зүтгэнэ вэ
2016-04-28
оюун:
МАНАНгүй цэлмэг сайхан төртэй улс оронд сэтгэл амар амьдармаар байна
2016-04-28
Мөнхөө:
Цагаа олоогүй бус харин ч цагаа олж завсарлага авсан. МАНАН-гынхан зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулахын төлөө бүх л зүйлийг хийж байгаа нь илэрхий л харагдаж байна дөө
2016-04-28
мөрөн:
цагаа олсон завсарлага байлаа энэ хугцаанд олон зүйлийг амжуулах байх аа
2016-04-28