Нисгэгчийн дүүг саатуулжээ

Украины нисгэгч Надя Савченкогийн дүү Вера Савченког өнөөдөр 7.00 цагт Оросын хил дээр саатуулсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр Москва хотноо очиж, эгчтэйгээ уулзах гэж байжээ.
Вераг Украины ажилчны хамтаар хил давах үед нь саатуулан, бичиг баримтыг хураан авч, хамт явж байсан хүнийг нь буцаасан гэнэ.
Бүсгүйг хил давуулаагүй шалтгаанаа хилийн харуул “Эрэн сурвалжилж буй хүмүүсийн дунд Вера Савченкогийн нэр багтсан байна. Тиймээс бид хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Түүний бичиг баримтыг хураасан нь хууль бус биш” гэж тайлбарлажээ. Вера өөрийгөө эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад багтсан гэдгээ мэдээгүй хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрбээр “Үнэхээр гайхалтай. Би эгчээсээ дутахааргүй аюултай этгээд болжээ” гэж ярьжээ.
Надяг сэтгүүлчдийн аминд хүрсэн хэмээн буруутгаж, 22 жилийн ял оноосон юм. Өнгөрөгч долоо хоногт Украин болон ОХУ-ын Ерөнхийлөгчид ярилцаж, гэр бүл нь Надяг эргэхийг зөвшөөрсөн билээ. Вера эгчийгээ баригдсаны дараа Киев дэх Оросын элчин сайдын яамны өмнө суулт зарласнаас гадна “Нисгэгчийг сулла” гэх жагсаалыг олон удаа зохион байгуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ