Үдээс өмнөх хуралдаан завсарлав

img

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарим гишүүд  “Шударга ёс” эвслийн бүлэг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлттэй холбогдуулан өчигдөр авсан завсарлага нь дууссан эсэх талаар асууж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах горимын санал гаргахад, “Эвслийн бүлэг хуралдаагүй. Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэнэ” гэсэн хариуг Улсын Их Хурлын гишүүн З.Батсэлэнгэ өглөө. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд бүлгээ яаралтай хуралдуулж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг дахин санууллаа.

 

 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2016-04-28/-ийн үдээс өмнөх хуралдаанаар  Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.

 

Хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.

 

 

Тэрээр илтгэлдээ, төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан тухай дурьдаад Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж тодорхой чиглэлээр өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж буйгаа тухай танилцууллаа.

 

 

Санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавихдаа, галт зэвсгийг хэн, хэрхэн, ямар нөхцөлд хэрэглэх асуудлыг нарийвчлан тусгаж өгөх нь чухал бөгөөд энэ нь ямар хуулиар зохицуулагдах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн хүний эрхийг хамгаалах нөгөө талаас хууль сахиулах байгууллагын ажилтны улс төр, эдийн засаг, эрх зүйн баталгаа, аюулгүй байдлыг тэнцвэртэй хангах  эрхийн асуудал хуулийн төсөлд хэрхэн зохицуулагдсан, хууль сахиулах чиглэлийн хууль журмуудыг нэг стандартад оруулан адилтгаж жигдрүүлсэн эсэх талаар тодруулж асууж хариулт авав.

 

 

Чуулганы үдээс хойших хуралдаан төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж эхэлнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ