“Барилга Экспо-2016” маргааш нээгдэнэ

Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлдог "Барилга Экспо-2016" олон улсын үзэсгэлэнг “Барилга Эм Эн” ХХК-иас жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд “Барилгын Материал, дэвшилтэт техник технологи”, тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө”-ийн чиглэлээр Мишээл Экспод найм дахь жилдээ болох гэж байна.
“Барилга Экспо 2016”-д 250 гаруй аж ахуй нэгж байгууллага өөрсдийн бараа бүтээгдэхүүн, орон сууц болон хамгийн сүүлийн үеийн барилгын салбарт нэвтэрсэн техник, технологийг танилцуулна. Дотоодын үйлдвэрлэгч, барилга угсралтын компаниуд төдийгүй Австри, БНХАУ, Өмнөд Солонгос, Герман, Хонконг, Япон, Орос, Турк, Тайван зэрэг дэлхийн олон улсын компаниуд оролцон, бараа материалынхаа үнийг 20 хүртэлх хувиар хямдруулж, шинээр баригдсан орон сууцны үнийг ч төлбөрийн нөхцөлөөс хамааруулан уян хатан болгох аж.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд "Полимер ба хэлбэржүүлсэн мембран ТехноНИКОЛЬ материал ашиглан барилгын дээвэр болон суурийг хамгаалах цогц шийдэл"-ийн үзүүлэх сургалт, “Материал судлал-Орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал, "Үйлдвэрлэлд эрчим хүчийг ашигтай зарцуулах шийдэл", “Ус чийгний тухай ойлголт, ухагдахуун, ус чийгнээс хамгаалах тухай” сургалт, семинар болно.
“Орон сууц, үл хөдлөх хөрөнгө”-ийн үзэсгэлэнд нийслэл хотод захиалга авч буй 100 гаруй шинэ орон сууцны танилцуулга, худалдаа болох бөгөөд зах зээлийн ханшийн хамгийн доод үнэлгээ буюу м/кв нь 1.3 саяас эхлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ