Н.Энхбаяр: Би өнгөрсөн хугацаанд мэдлэгээ жаахан дээшлүүллээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, дэд дарга Э.Эрдэнэжамъян, намын хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга нар өнөөдөр МАХН-ын Бага чуулганаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэд ирэх зургадугаар сард болох бүх шатны сонгуульд дангаараа оролцох болсноо зарласан юм.

Өнгөрсөн хугацаанд хамтарч эвсэл бүрдүүлсэн МҮАН-ынхан мөн л дангаараа гэсэн шийдвэр гаргажээ. Мэдээллийн дараа сэтгүүлчид Н.Энхбаяр даргаас цөөн асуултад хариулт авав.
Тодруулбал, сонгуульд оролцох эсэх асуудлаар түүний байр суурийг сонсоход “Би сонгуульд орно. Ямар нэгэн хууль зөрчсөн хориг байхгүй. Гэхдээ зохиомол хэрэг үүсгэж, сонгууль болохоос өмнө шийдвэр гаргах гэж улайрч байгаа. Утгагүй асуудлуудыг надад тулгаж, айлган сүрдүүлэх ажиллагаа явагдаж байгаа. 2012 онд миний мэдлэг боловсрол УИХ-ын гишүүнээр ажиллахад хүрэхгүй гэсэн үндэслэлээр намайг сонгуулиас хассан. Энэ хугацаанд би мэдлэгээ жаахан дээшлүүлсэн” хэмээлээ.
Мөн Цэцийн гаргасан шийдвэр нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан асуудал хэмээгээд захиалгатай, луйврын шинжтэй зүйл хэмээв. Мөн энэ сонгуульд оролцохгүй бол асар том луйвар явна гэдгийг ч энэ үеэр онцлов.
Б.Тогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ