Азийн хит кинонууд Asianbox сувгаар үзэгчдэд хүрнэ..

Дэлхийн телевизийн зах зээлд киноны сувгууд төрөл жанраасаа хамаарч дотроо төрөлжих хандлага түгээмэл байдаг. Энэ жишгийг даган, Монголын хамгийн анхны киноны төрөлжсөн суваг болох Moviebox сувгаас салбарлан Азийн орнуудын кино контентоор төрөлжсөн Asianbox суваг энэ 4-р сард байгуулагдсан билээ. Хэдий нээгдээд бүтэн сарын хугацаа өнгөрөөгүй ч Asianbox суваг телевиз үзэлтийн судалдаа явуулдаг Максима Медиагийн гаргасан судалгаагаар топ 10 сувгийн эгнээнд жагсах болоод байна.
Тэгвэл энэхүү суваг тун удахгүй үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа, Азид кино халуурлыг бий болгосон “Descendants of the Sun” киног Солонгосын KBS телевизийн албан ёсны эрхтэйгээр хүргэхээр болжээ. Энхийг сахиулагч болон эмчийн хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх энэ кино нь Өмнөд Солонгостоо үзэлтийн хувь нь 40 хувьд хүрсэн юм. Энэ киног БНХАУ-ын iQiyi.com цахим хуудас албан ёсны онцгой эрхтэйгээр нэг ангийг нь 250 мянган доллараар худалдан авсан бол Японы кабелийн телевиз анги бүрийг 100 мянган доллараар худалдан авахаар болжээ. Одоогийн байдлаар 32 оронд худалдаалагдаад байгаа “Descendants of the Sun” кино албан ёсны эрхтэйгээр зургадугаар сараас эхлэн Asianbox сувгаар манай үзэгчдэд хүрч эхлэх нь ээ.
Asianbox суваг олны таашаалд нийцсэн киноны давталтыг хүргэх “Хит кино”, сэтгэлд хоногшсон кинонуудыг хүргэх “Дурсамжит кино”, Азид ид алдаршиж буй кинонуудыг хүргэх “Шилдэг кино” гэсэн цагуудаар кино контентоо он цагийн хувьд төрөлжүүлэн хүргэж байсан бол энэ 7 хоногоос эхлэн азийн орнуудын түүхийг таниулах зорилготой, түүхэнд нэрээ тодоор мөнхөлсөн хүмүүсийн амжилтын нууцыг сөхөн харуулсан кинонууд бүхий “Түүхэн кино” цагийг өдөр бүрийн 22 цагаас хүргэж эхлээд байна. Энэхүү цагаар Ази тивийн баялаг түүхтэй орнууд болох Хятад, Монгол, Японы түүхэн кинонуудыг цаашдаа хүргэхээр төлөвлөөд байна.
Ирэх 7 хоногоос эхлэн Asianbox сувгийн “Дурсамжит кино” цагаар өрнөх үйл явдал, тоглосон жүжигчдээсээ гадна дуу хөгжмөөрөө сэтгэлд хоногшсон кинонуудын нэг болох, 2001 онд дэлгэцнээ гарч байсан “Зочид буудлын эзэн” киног хүргэхээр төлөвлөөд байна. “Дурсамжит кино” цаг өдөр бүр 19 цагаас үзэгчдэд хүрч байна.
Харин яг одоо “Шилдэг кино” цагаар Солонгосын кабелийн телевизийн түүхэнд рекорд тогтоогоод байгаа “Дурсамж 1988” киног хүргэж байгаа билээ. Энэхүү кино нь энгийн нэгэн гэр бүл, энгийн нэгэн найзуудын амьдралыг сэтгэл хөдлөм харуулсан, өш хонзон, сөрөг дүр байхгүй гэдгээрээ онцлогтой кино юм. Тэгвэл “Дурсамж 1988” киноны дараа тун удахгүй залуусын хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх, хөнгөн инээдмийн “Oh My Ghost” киног хүргэх гэж байна. “Шилдэг кино” цаг өдөр бүр 20:30 минутаас үзэгчдэд хүрч байна.
“Asianbox” суваг “Шилдэг кино” цагаараа азийн кинонуудад олонтаа ажиглагддаг өс хонзон, атаа хорсолтой кинонуудаас зайлсхийж, эерэг мэдрэмж төрүүлэх кинонуудыг сонгон хүргэж байгаагаараа онцлогтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ